
Өмнөговь аймагт 1200 хүүхдийн багтаамжтай сургууль шинээр баригдаж, ашиглалтад орлоо. Даланзадгад сумын Гурван сайхан хороололд баригдсан энэхүү VI сургуульд багш ажилчдын сул орон тоо байгаа эсэхийг захирал Г.Отгонбаяраас тодрууллаа.
Тус цогцолбор сургууль нь 19,9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан бөгөөд:
- Сурагчдад зориулсан ширээ сандал, самбар хэрэгсэл бүхий анги, танхим
- Шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тохижуулсан мэдээлэл зүй, хими, дүрслэх урлаг, технологийн кабинетууд
- Акустик доторлогоо, хөгжмийн хэрэгслүүдээр тоноглосон урлагийн заал
- Сагс, гар бөмбөг, теннисийн хэрэгсэл бүхий биеийн тамирын заал
- 300 хүүхдийн номын сан
- Нэг ээлждээ 550 хүүхдийн хоол үйлдвэрлэх хүчин чадал, тоног төхөөрөмж бүхий гал тогоо, хоолны заал
- Хичээл бэлтгэлийн зориулалтаар тохижуулсан багш, ажилчдын өрөө
- Хөл бөмбөг, сагс, гар бөмбөг, гүйлтийн зам бүхий гадна спортын талбайтай юм байна.
-Танай сургуульд ямар хичээлүүд дээр багшийн сул орон тоо байгаа вэ?
–Манай сургууль одоогоор 66 багштай үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор түүх, нийгэм, математик, физик, англи хэл, дизайн технологи гэсэн хичээлүүд дээр багшийн орон тоо бол дутагдалтай байгаа.
-Багшийн дутагдлаа хэрхэн нөхөхөөр төлөвлөж байна вэ?
-Орон нутагт ирж ажиллах сонирхолтой залуучууд их болжээ. Манай сургуульд Өвөрхангай аймаг, Архангай аймаг, Улаанбаатар хотоос багш нар ажиллахаар ирсэн. Орон нутагт ажилласны нэмэгдэл олгоно. Цалин өндөр, орон сууцны асуудлыг Өмнөговь аймаг бодлогоор шийдэж өгч буй учир залуус ажиллахаар ирж байх шиг байна.
Мөн манай сургуулийн нэг онцлог нь нэг ангид 24 хүүхэд суралцдаг.
-Анги нь дүүрээгүй ангиуд бий юу?
-Энэ жилийн тухайд хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг аваад бүх анги дүүрсэн. Ирэх намраас бүлэг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Өөр тойргийн хүүхдүүд ирж суралцах боломжтой.
-Сая номын сангаар нь орж үзлээ. Сурах бичиггүй байгаа юм байна шүү дээ?
-Сурагчид маань өмнө нь суралцаж байсан сургуульдаа номуудаа хураалгачихсан. Өмнөх сургуульдаа хэрэглэж байсан сурах бичгүүдийг нь маш ойрын хугацаанд татан авах, сургууль дээрээ төвлөрүүлэх ажлуудыг зохион байгуулаад явж байгаа. Нэг их удахгүй сурагчид маань сурах бичигтэй болчихно.
Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт бол хамгийн чухал, хамгийн нандин хөрөнгө оруулалт гэдэгт эргэлзэхгүй байна. Боловсролыг дэмжигч “Оюу толгой” компанидаа сургуулийнхаа бүх сурагч, багш нарынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна.