
ТЦА: Зам тээврийн ослоор амь насаа алдаж буй хүүхдийн тоо буурахгүй байна
Зам тээврийн 147 ослын улмаас 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 4.1 хувиар өсчээ. Хүүхдүүд зам тээврийн осолд өртөж байгаагийн нэг шалтгаан бол эцэг эхчүүдийн буруу үлгэр дуурайлал, хариуцлагагүй үйлдэлтэй шууд холбохоос өөр аргагүй. Бага насны хүүхэд бие даан замын хөдөлгөөнд оролцохыг хориглосоор байтал ганцааранг нь гарцгүй газраар гүйлгэдэг, тээврийн хэрэгслээр зорчих үедээ анхаарал болгоомж тавьдаггүй ээж аавуудтай хариуцлага ярих цаг болжээ. Учир нь, хүүхэд өөрийгөө эрсдэлд оруулж байгаагаа мэдэхгүй. Тэдний аливаа эрсдлээс хамгаалах нь эцэг, эхчүүдийн үүрэг байх ёстой.
Тээврийн прокурорын газраас нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар 10 аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ. Тодруулбал, зам тээврийн 147 ослын улмаас 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 4.1 хувиар өсчээ.
Үүнээс 52.4 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 26.2 хувь нь 10-13 насныхан, харин 15.8 хувь нь 6-9, 3.6 хувь нь 3-5 нас, 1.8 хувь нь гурав хүртэлх насныхан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 85 нь эрэгтэй, 79 нь эмэгтэй хүүхэд байна.
Зориулалтын автомашины суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэлх хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 55-80 хувиар хамгаалдаг гэдгийг зөвлөж байна.