
Үхэр болон хонины махны үнэ нэмэгджээ
Гол нэрийн зарим барааны үнэ энэ сарын 22-ны өдрийн байдлаар өмнөх сараас 1.5 хувь, өмнөх долоо хоногоос 0.5 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, хүнсний ногоо килограмм тутамдаа 10-140 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт төмс 1345 төгрөг байсан бол энэ долоо хоногт 1359 төгрөг болж нэмэгдсэн.
Харин лууван өнгөрсөн долоо хоногт 2992 төгрөг байсан байна. харин энэ долоо хоногт 3171 төгрөг болж өсчээ. Сонгино 3758 төгрөгөөс 3886 төгрөг болж 128 төгрөгөөр өссөн байна. Энэ долоо хоногт мөн махны үнэ өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлтэй байна. Үхрийн ястай мах өнгөрсөн долоо хоногт 19990 төгрөг байсан бол энэ долоо хоногт 20153 төгрөг болж нэмэгджээ.
Тэгвэл үхрийн цул мах 22940 төгрөгийн үнэтэй байна. Энэ үнэ нь өмнөх сараас 400 орчим төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.
Адууны мах өнгөрсөн долоо хоногоос 100 орчим төгрөгөөр нэмэгдсэн бол ямааны мах өнгөрсөн долоо хоногоос 642 төгрөгөөр, өнгөрсөн сараас 1329 төгрөгөөр тус тус өссөн байна. Нэг жилийн хугацаанд ихэнх бараа бүтээгдэхүүний үнэ 200-2000 төгрөгөөр нэмэгдсэн байна.