
Япон 25 жилийн дараа анх удаа БНСУ-аас цагаан будаа импортолжээ
Дотоодын цагаан будааны үнийн өсөлттэй тэмцэх үүднээс Япон улсын засгийн газар 1999 оноос хойш анх удаа БНСУ-аас цагаан будаа импортолжээ.
Япон улсад дотоодын цагаан будааны үнэ өнөөдрийн байдлаар өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор хямд үнэтэй импортын цагаан будааны эрэлт өссөн байна. 4-р сарын эхний 7 хоногийн байдлаар Японд 5 кг дотоодын цагаан будааны үнэ дунджаар 4214 иен буюу 30 ам.долларын үнэд хүрсэн байдалтай байгаа аж.
Өнгөрсөн сард БНСУ-аас импортолсон 2 тонн цагаан будаа нь цахим дэлгүүрүүд болон супермаркетуудаар зарагдаж эхэлсэн ба NHK сувгийн мэдээлснээр Токио ирэх өдрүүдэд БНСУ-аас нэмж 20 тонн цагаан будаа импортлохоор төлөвлөжээ. Өмнөд Солонгосын Yonhap агентлаг Япон улсад нийлүүлж буй цагаан будааны экспорт 1990 оноос хойш хамгийн өндөр хэмжээнд хүрэх төлөвтэй байгааг онцолжээ.
Токиод зоогийн газар ажиллуулдаг Арата Хирано өнгөрсөн жилээс дотоодын цагаан будаагаа АНУ-ын импортын цагаан будаагаар сольжээ. Түүний хэлснээр АНУ-ын импортын цагаан будааны үнэ мөн л өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн ч дотоодын цагаан будаанаас хямд туссан хэвээр байгаа гэжээ. Түүнээс гадна түүний зоогийн газраар үйлчлүүлэгчдээс цагаан будааны тал дээр ямар ч гомдол ирээгүй гэдгийг Арата Хирано онцолжээ.