
Л.Батмөнх “Ногоон Нобель” гэгддэг Голдманы шагнал хүртжээ
Дорноговь аймгаас гаралтай 81 настай Лувсандаш овогтой Батмөнхийг байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн жил бүр Голдманы Байгаль Орчныг Хамгаалах сангаас гардуулдаг “Ногоон Нобель” гэгддэг Голдманы Байгаль орчны шагналын эзнээр тодруулжээ. Голдманы Байгаль Орчныг Хамгаалах сан жил бүр Африк, Ази, Европ, Арлуудын орнууд, Хойд ба Өмнөд Америк тивээс байгаль орчныг хамгаалах үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан иргэдэд Голдманы Байгаль орчны шагналыг хүртээдэг.
2025 онд Ази тивээс уг шагналыг байгаль хамгаалагч Л.Батмөнх хүртжээ. Барилгын болон уул уурхайн төслүүд дээр цахилгааны инженерээр олон жил ажилласан туршлага болон бүс нутгийн газар зүйн онцлог, байгаль орчны тухай мэдлэгээ ашиглан, 2022 онд Дорноговь аймгийн 26 709 га талбай бүхий нутаг дэвсгэрийг улсын тусгай хамгаалалтад авч чадсан юм.
Л.Батмөнхийн хичээл зүтгэлийн ачаар тухайн нутгийн ард иргэдийн олон зуун жилийн түүхтэй амьдралын хэв маяг, устаж үгүй болох эрсдэлтэй ан амьтдын аж төрөх орчин хадгалагдан үлдсэн болохыг Голдманы Байгаль Орчныг Хамгаалах сан онцолжээ.