
“Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлтийн хэргийг хэлэлцэнэ
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.04.22/ товлосон байна. Өмнө нь хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны гуравдугаар сарын 06-нд товлосон боловч шүүх хурлыг даргалагч шүүгч нь ногоон автобусны хурлын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа учраас хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан аж.
Хэргийг прокурорын байгууллагаас /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж үзээд, хүлээн авсан юм.
Тус хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн байдаг. Хуулийн байгууллагаас дэлбэрэлт болсон хэргээр “Дашваанжил” ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татсан гэж мэдээлсэн. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авсан талаар албаныхан мэдээлсэн юм.