
Ромын Пап лам Францис 88 насандаа таалал төгслөө
Ромын Католик сүмийн тэргүүн, Дээд Их Хамба лам Францис 88 насандаа таалал төгсжээ. Ромын Католик сүмийн мэдээлснээр Пап лам Францис орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө 07:35 минутад амьсгал хураасан байна. Тэрээр өнгөрсөн 3-р сард эмнэлэгт хоёр уушгины хатгалгаа оноштойгоор 38 өдрийн турш хэвтэн эмчлүүлээд гарсан байсан ба өнгөрсөн ням гарагт Улаан өндөгний баярын өдөр Гэгээн Петрийн талбайд цугласан сүсэгтэн олонтой мэндчилсэн билээ.
Пап лам Францис буюу Хорхе Марио Бергольо 1936 онд Буэнос Айрес хотод, төмөр замчны гэр бүлд мэндэлжээ. Химич-техникч мэргэжилтэй тэрээр 1963 онд гүн ухаан судлалаар, 1970 онд теологи буюу тэнгэрбурхан судлалаар тус бүр зэрэг хамгаалж байжээ.
2001 онд Ромын Пап лам II Иоанн Паул түүнийг кардиналаар сонгож, 2013 онд Пап лам 16-р Бенедикт эрүүл мэндийн шалтгаанаар сэнтийгээсээ бууснаар Хорхе Марио Бергольо Ромын Дээд Их Хамба ламаар томилогдожээ.
Ингэснээр Америк тивээс сонгогдсон анхны Пап лам болсон юм.
Өнгөрсөн 2-р сарын дундуур Пап лам Францис гуурсан хоолойн үрэвсэл оноштойгоор эмнэлэгт хэвтсэн ч түүний биеийн байдал муудаж, эмч нар шинжилгээгээр түүнийг хоёр уушгиндаа хатгалгаатай болохыг тогтоосон юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх явцад Пап лам Францисын бие хоёр ч удаа огцом муудаж, түүнийг хэд хэдэн удаа хүчилтөрөгчийн аппаратад холбосон тухай Ватиканаас мэдээлж байсан билээ.