
Киев ОХУ галаа түр зогсоох амлалтдаа хүрээгүй болохыг онцолжээ
Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 19-ний 18:00 цагаас 21-ний 00:00 цаг хүртэл ОХУ-ын зэвсэгт хүчинд Украин дахь цэргийн бүх ажиллагаагаа түр зогсоохыг үүрэг болгосон тухайгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Украины эрх баригчдын мэдээлснээр өнгөрсөн бямба гарагийн шөнө тулаан намжсан ч ням гарагт ОХУ-ын довтолгоо эрчимжсэн байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын зэвсэгт хүчний цохилтууд болон дроны довтолгоо өнгөрсөн ням гарагийн 10:00 цагаас эхлэн эрчимжиж, В.Путины Улаан өндөгний баяраар галаа түр зогсоох мэдэгдэл нь Украины Курск, Белгород мужуудад огтхон ч биелээгүй болохыг онцолжээ.
В.Зеленский Москва энэхүү үйлдлээрээ дайныг дуусгах хүсэлгүй байгаагаа харуулж, галаа түр зогсоох амлалт нь В.Путины хувьд нэр хүндээ өсгөх, пиар алхам байсан гэжээ. Нөгөө талаас ОХУ-ын Батлан хамгаалахын яам өнгөрсөн ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Киев ОХУ-ын зэвсэгт хүчний байршлуудад 444 удаагийн цохилт үзүүлж, галаа түр зогсоох явдлыг 1000 гаруй удаа зөрчсөн гэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Улаан өндөгний баяраар галаа түр зогсоох мэдэгдэл нь Украин төдийгүй олон улсын хувьд гэнэтийн мэдэгдэл байсан юм. Олон улсын ажиглагчид В.Путины мэдэгдэл нь ОХУ-ыг дайныг дуусгаж, энхийг тогтоох хүсэлтэй тал мэт харуулах зорилготой байсан гэж үзэж байгаа аж. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар ОХУ-Украины дайныг дуусгах хэлэлцээнээс гарна гэж мэдэгдсэний дараа В.Путин түр галаа зогсоох тухай мэдэгдэл гаргасан нь В.Путин Д.Трампыг өөрийн ашиг сонирхолдоо үргэлжлүүлэн ашиглах хүсэлтэйг харуулж байна гэжээ.