
Монгол Улсын “Залуу Монгол” волейфболын клубийн тэргүүн, спортын мастер Ч.Отгонбаярын урилгаар Японы мэргэжлийн тамирчин буюу хамгаалан тоглогч Шо Такахаши манай улсад хоёр дахь удаагаа ирээд байна. Тэрбээр Японы волейболын мэргэжлийн тамирчин бөгөөд Польш улсын Plus лигт тоглодог шилдэг волейболчдын нэг юм. Шо Такахаши Монгол Улсад хоёр дахь удаагаа 15 хоногийн хугацаатай ирж, Монгол хүүхэд залууст сурсан мэдсэн, чаддаг ур чадвар, арга барил туршлагаасаа хуваалцаж буй.
Түүний хувьд Европын мэргэжлийн лигт тоглодог бөгөөд “Залуу Монгол” клубийн урилгаар ийн хоёр дахь удаагаа манай улсад ирж, хүүхэд залуустай хэсэгхэн ч гэсэн цөөн хоног ажиллаж буйдаа баярлаж байгаагаа илэрхийлсэн юм.

Япон улсын волейболын тамирчин Шо Такахаши: Монгол улсад дахин ирж буйдаа таатай байна. Миний хувьд хүүхэд залууст сурсан мэдсэнээ зааж үлдээх нь чухал
Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Отгонбаяр найздаа маш их баярлаж яваа. Оогий найзынхаа урилгаар Монголд ирж, волейболын спортын хүүхэд, залууст чаддаг, мэддэг бүхнээ зааж сургаж өгдөг.
Энэ удаад мөн л яг тэр чиглэлээрээ дахин ирж буйдаа баяртай байна. Монголд волейболын спортоо илүү түгнээ дэлгэрүүлэх, таниулан сурталчилах, зааж сургах энэ ажил маань тууштай явж байгаад баяртай байгааг дахин илэрхийлье. Энэ бүгд бол Оогийн найзын ач гавьяа. Монголын хүүхэд, залууст богино ч гэсэн хугацаанд волейболын спортын сайн сайхн, эерэг ач тусыг мэдрүүлээд буцахын төлөө ажиллаж байгаа.
Волейболын гайхамшгийг Монгол хүүхдүүдэд зааж үлдээгээд буцах нь миний хувьд маш чухал ажил.
Би удахгүй энэ оны 9 сард Польшийн лигийг дахин зорьж тоглохоор бэлтгэлээ хангана. Мэдээж Европын лигт тоглосноор маш их зүйл сурч мэдэж авахын зэрэгцээ, асар их туршлага хуримтлуулдаг. Мөн тоглолтын арга барил ч тэр хэрээр сайжирдаг. Иймээс Европын лигийн улирал бүр нь надад өгөөжөө өндөр түвшинд өгч чаддаг. Мэргэжлийн супер тамирчидтай мөр зэрэгцэн волейболын чухал лигийн талбайд гарах нь миний хувьд нэр төрийн хэрэг.



