
Израйлын агаарын цохилтын улмаас хоёр гаргүй болсон Палестин хүүгийн гэрэл зураг Нидерландын World Press Photo сангаас зохион байгуулдаг Гэрэл зургийн сэтгүүл зүйн оны шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдааны шилдгээр тодорчээ.
Газын зурвасын гэрэл зурагчин Самар Абу Илуф Израйлын агаарын бөмбөгдөлтөд өртөж, хоёр гараа алдсан есөн настай Махмуд Ажжур хүүтэй бөмбөгдөлтөд өртсөнөөс нь хойш гурван сарын дараа уулзжээ.
Хоёр гараа алдсан хүү эмчилгээ хийлгэхийн тулд, гэр бүлийнхнийх нь хамт Газын зурвасаас Катарын Доха хот руу нүүж, тус гэрэл зурагчинтай анх уулзжээ.
А. Махмудын ээжийн зурагчинд ярьснаар хүү нь хоёр гаргүй болсон гэдгээ ухаарсныхаа дараа хамгийн түрүүнд ээждээ хэлсэн үг нь, “Би одоо яаж таныг тэврэх юм бэ?” хэмээн хэлжээ. Тус үг нь ээжид маш хүндээр туссан талаар дурдсан байна.
Хүүгийн гэрэл зургаар ганцхан түүний түүх биш Газын зурваст болж буй дайны үр дагавар үр хойчид хэрхэн нөлөөлөхийг харуулсан хэмээн уралдааны шүүгчид үзжээ.
Түүнчлэн уг гэрэл зураг Газын зурваст болж буй дайнд олон арван мянган хүний амийг авч одож, их хэмжээний сүйрэл дагуулж, олон зуун мянган иргэдийг орон гэрээ орхиж, дүрвэхэд хүргэж байгааг сануулж байгаа. Түүнчлэн НҮБ-ын мэдээлснээр Газын зурваст амиа алдсан иргэдийн 50 орчим хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа аж.
Гэрэл зургийн сэтгүүл зүйн оны шилдгүүдийг шалгаруулахдаа шүүгчид дайн, нүүдэл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг 3 гол сэдэв дээр төвлөрсөн ба шилдгүүдээ 140 гаруй орны 3778 гэрэл зурагчдын 60 мянга орчим гэрэл зургаас сонгон шалгаруулжээ.