
“Цагаан-Алт” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолын батлан хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд,
- ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20-40 хувь,
- ноосны бүрэн боловсруулалтын түвшинг 25-50 хувь,
- арьс ширний гүн боловсруулалтын түвшинг 30-50 хувьд хүргэх зорилго тавин ажиллаж байгаа.
Түүнчлэн “Цагаан-Алт” хөдөлгөөн нь салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах зэрэг дөрвөн үндсэн чиглэлээр 18 оролцогч талуудын хамтын ажиллагааны хүрээнд 27 арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Ингэснээр арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын 3.1 их наяд төгрөгийн үйлдвэрлэл, 831.4 сая ам.долларын экспорт, 25.8 мянган ажлын байрыг нэмэгдүүлнэ хэмээн Ж.Энхбаяр сайд хэлсэн.
Гэвч хавар болж, малчид ямаагаа самнаж, хэдэн төгрөгөө олж өрөө төлдөг энэ цагт Ноолуурын нь үнэгүйдэж орхилоо.
“Цагаан-Алт” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд 1.5 их наяд төгрөгийн арилжааны 10 банкны эх үүсвэрээр хөнгөлттэй зээл олгох бөгөөд энэ хүрээнд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар
- ноолуурын салбараас 71,
- ноосны салбараас 148,
- арьс ширний салбараас 96,
- нийт 315 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлсэн.
Хөрөнгө оруулалтын зээлд
- ноолуурын салбараас 64,
- ноосны салбараас 129,
- арьс ширний салбараас 69,
- нийт 262 аж ахуйн нэгж зээл авах хүсэлтээ ирүүлжээ.
Мөн Монголбанкны 2025 оны 03 дугаар сарын 31-ны мэдээгээр ноолуур боловсруулах үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл олголт 31.6, ноос, хөөвөр боловсруулах үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл 21.3, арьс шир боловсруулах үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл 10.5, савхин гутал, савхи болон нэхий хувцас, цүнх, жижиг эдлэл, бүс тэлээ, савхин бээлийний үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл нэг хувийн явцтай байна.
Харин ноолуурын сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 8.7, ноос самнах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 3.8, ноос сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 7.3, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 5.5, савхин гутал хувцас болон нэхий хувцас, цүнх, жижиг эдлэл, бүс тэлээ, савхин бээлий үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 19.5 хувийн явцтай байгааг салбарын сайд мэдэгдээд байгаа.
2025 онд ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн салбарын эргэлтийн хөрөнгийн зээлд 230 тэрбум төгрөг, ээрэх, нэхэх, сүлжих дамжлагын хөрөнгө оруулалтад 132 тэрбум төгрөг, ноос боловсруулах үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд 30 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 290.9 тэрбум төгрөг, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд 40 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 66 тэрбум төгрөг тус тус олгогдохоор санхүүжилт нь батлагдаад, зээл олгож эхэлсэн байна.
Дэлхийн ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн дийлэнхийг дангаараа хангаж байсан БНХАУ Трампын тарифтай холбоотой хоёр улсын худалдааны дайны “ачаар” Монгол Улс, монгол ноолуурт экспортын зам зурайж байна. Харин үүнийг “Цагаан алт”-ныхан мэдсэн л байлтай.
Монголын Ноолуурын салбарт Дэлхийн цонхоо ч биш бүр хаалгаа нээчихлээ. Одоо л ашиглахгүй бол худалдааны дайны цааш яаж эргэхийг таашгүй учир Ноолуурын салбарт аа хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлээ, банкуудад өгөх 890 гаруй тэрбумын татаасаараа үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, ХАА үйлдвэрлэл, технологийн паркуудаа баривал ямар вэ, Ж.Энхбаяр сайд аа?