
“Парис-2024” зуны олимпын наадам хөшгөө хаагаад будаг нь бараг хатаагүй гэхэд хол зөрөхгүй биз ээ. Гэхдээ дараагийн олимпын наадам холын хол байна даа гэсэн бодол, сэтгэгдэлтэйгээр бид спортынхноо хөгжөөн дэмжиж, улс эх орныхоо тамирчдаар бахархан суудаг билээ.
Тэгвэл энэ он гараад л дараагийн зуны олимп буюу “Лос Анжелес-2028” олимпын цикл хэдийнээ эхэлчихсэн. 2025 он гарсаан спортын төрлүүдийн 2025 оны насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-үүд шил шилээ даран зохион байгуулагдаж буй.
Саяхан Йорданы Амманд Ази тивийн АШТ-д амжилттай оролцон өмнөх амжилтын буухиаг ахиулаад ирсэн Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяртай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Ирэх тавдугаар сард чансааны оноо олгох “Улаанбаатар Опен” тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулна

-Сайн байна уу? Ирэх сард зохион байгуулах тэмцээний талаарх асуултаар ярилцлагаа эхлэе?
-Сайн байна уу. Одоо энэ шинэ цикл эхэлсэн гэдгээрээ онцлогтой. Өнгөрсөн 2024 оны 5 сарын 1-нд зарлагдсан энэ чансааны тэмцээний тендер болоод хаагдсан. Тэнд манайх амжаад материалаа илгээж, хүсэлтээ явуулаад 2024 оны 9 сарын 25-ны өдөр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Лаловичийн гарын үсэгтэй. чансааны оноо олгох энэ тэмцээнийг зохион байгуулах эрхээ авсан. Ирэх тавдугаар сард тус тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг албан ёсоор аваад байгаадаа баяртай байна. Энэ тэмцээн яг энэ циклд зориулан зохион байгуулах эрх өгч буй учраас энэ жил, ирэх жил 26 он, 27 он гээд 3 жил дараалан зохион байгуулах эрхийг аваад байгаа гэсэн үг.
-Тэмцээн зохион байгуулах эрхийг авсны дараа тавьж буй шалгуур нь юу байв?
-Эрхээ авсны дараа Дэлхийн бөхийн нэгдсэн холбоотой гэрээ хийсэн. Тухайн гэрээн дээр дараагийн 3 жил энэ тэмцээнийг яг амжилттай сайн зохион байгуулж чадвал 2028 онд яг энэ тэмцээнийг олимпын эрх олгох тэмцээн болгож Монголд өгнө өө гэсэн.
Ийм заалтыг давхар гэрээндээ оруулж өгсөн байх. Тэгээд эх орондоо олимпын эрх олгох тэмцээнийг авах боломж бид нарт байгаа гэсэн үг.
Б.Мянганбаяр: 2025-2027 онуудад чансаа олгох тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж чадвал Монгол Улсад
“Олимпын эрх олгох тэмцээн”-ийг зохион байгуулах боломжийг нээж өгнө


-Ази тивийн АШТ-д бүтэн багаараа оролцсон нь давуу талтай байсан болов уу?
-2025 оны 3 сарын 25-наас 30-ны хооронд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Манайх бүтэн багаараа оролцлоо. Сонгомол бөхийн 3 тамирчин, эмэгтэй чөлөөт бөх 10, эрэгтэй чөлөөт бөх 10 гээд бүтэн багаараа оролцоод ирсэн.
Гол шалтгаан нь мэдээж яг ингээд бүтэн багаараа Азийн аваргадаа оролцоно гэдэг нь дэлхийн аваргад орох эрхээ авдаг байгаа. Тэгэхээр яг бүтэн багаараа орчихсон, дээр нь бүх жиндээ дэлхийн аваргад манай улс тамирчид илгээх эрхтэй болчихсон гэсэн үг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Хорват улсын Загреб хотноо 9 дүгээр сарын 13-наас 21-ний хооронд зохион байгуулагдана.
Мөн олон улсын чансааны тэмцээнийг эх орондоо бид нар авч байгаа нь талархууштай. Ирэх 7 сард бол чансааны 4 дэх тэмцээн Унгарт болно.
-Өсвөр үе, залуучуудын ангиллын тамирчдаа хэрхэн дэмжиж ажиллаж байгаа вэ?
-Томоохон тэмцээнүүд залуучуудын ангилал гэвэл U23 насны ангилал, дахиад залуучуудын 20, 17 гээд өсвөрийн 15 гээд энэ насны ангиллуудын Ази тивийн АШТ-үүд, ДАШТ-үүд бол 6, 7, 9, 10 саруудад ингээд үргэлжлээд болдог. Мэдээж манай залгамж халаа болсон тамирчдыгаа манай холбоо дэмжиж ажиллаж байгаа. Өнгөрсөн жил багаараа түрүүлсэн. Тамирчид, дасгалжуулагчдын зардал мөнгөн дээр ч гэсэн холбооноос дэмжлэг үзүүлж Ази тивийн аваргад явуулсан. Азийн аваргаар түрүүлсэн тамирчдыг дэлхийн аваргад зардлыг нь дааж явуулах гэх мэт ер нь бол санхүү мөнгөний дэмжлэг өгөх ийм бодлогыг бол баримталж явж байгаа.
Үүнийгээ ч гэсэн энэ жил үргэлжлүүлээд явах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Оны төгсгөл дээр бол Нью-Йоркт болдог “Эн Ви Ай Си Опен” гээд олон улсын, дэлхийн бөхийн холбооны календарт багтсан тэмцээнд бид нар багаараа явахаар ер нь бол төлөвлөж байгаа. Тэрийгээ үргэлжлүүлээд АНУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэлийг оны төгсгөл дээр зохион байгуулна гэсэн ийм төлөвлөгөөтэй.
2025 оны төгсгөлд Америкийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийнэ
-2024 оны төгсгөл дээр бид нар нийт одоо дасгалжуулагчдаасаа санал авч байгаад тэгээд нийт дасгалжуулагчдын авсан санал дээр Удирдах зөвлөл маань хэлэлцэж байгаад тэмцээнд оролцох журмыг баталсан. Тэр журамд ААШТ-д улсын аваргаар түрүүлсэн тамирчид явна гээд ингээд баталчихсан. Энэ чансааны тэмцээнд бол УАШТ-ээс жин болгондоо эхний 5 байрт орсон тамирчдыг чансааны тэмцээнд оруулъя аа гээд ингээд баталчихсан байгаа. Яагаад гэхээр зохион байгуулж байгаа орон нэг жинд 5 тамирчин оруулах эрхтэй, ийм давуу эрхтэй байдаг. Мэдээж гаднаас орж байгаа орнууд бол дээд талдаа нэг жинд 3 тамирчин л оруулах ийм эрхтэй байгаа.
Тухайн журмаар энэ жилдээ бид нар наадмын дараагаар 7 сарын төгсгөлөөр ДАШТ-д явах тамирчдаа сонгон шалгаруулах сорил тэмцээнийг бас зохион байгуулахаар ингэж тохироод одоо журмаар ингээд батлаад төлөвлөсөн явж байна.
Чөлөөт бөхийн холбооны дотоод журмаар ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах “Сорилго тэмцээн”-ийг ирэх долдугаар сард зохион байгуулна
Ярилцсанд баярлалаа.