
Ухаалаг гар утас, зөөврийн компьютер зэргийн импортын татвар нэмэгдэхгүй
АНУ-ын Гаалийн ба Хилийн хамгаалалтын газар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын импортын татварын нэмэгдэлд хамаарахгүй бараа бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг танилцуулжээ.
Хятадын импортын бараанд тогтоосон 145 хувийн татвар, бусад улс орнуудад тогтоосон 10 хувийн татварт хамрагдахгүй бараа бүтээгдэхүүний жагсаалтанд ухаалаг гар утас, зөөврийн компьютер, компьютерийн дэлгэц, процессор, чип болон хагас дамжуулагчийг үйлдвэрлэхэд шаардлагатай машин техник зэргүүд багтжээ.
Bloomberg агентлагийн онцолсоноор импортын татварын нэмэгдэлд багтаагүй бараа бүтээгдэхүүнүүдийн дийлэнх нь АНУ-д үйлдвэрлэгддэггүй, эрэлт өндөртэй бараанууд аж.
Ерөнхийлөгч Д. Трампын засаг захиргаа нэр бүхий бараа бүтээгдэхүүнүүдийг татварын нэмэгдлээс чөлөөлсөн нь Apple, Samsung, Taiwan Semiconductor Manufacturing зэрэг компаниудын хувьд маш том дэмжлэг юм.