
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин АНУ Хятадын импортын барааны татварыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор хятадууд Америкийн татвараас айхгүй хэмээн мэдэгджээ.
АНУ Хятадын импортын барааны татварыг 145 хувь болгон нэмэгдүүлсэний хариуд Бээжин АНУ-ын импортын барааны татварыг 125 хувь болгон нэмэгдүүлсэн билээ.
Бээжингийн зүгээс АНУ-ын импортын барааны татварыг 125 хувиас дээш нэмэгдүүлэх нь утгагүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн ба өнгөрсөн баасан гарагт Хятадын Худалдааны яам АНУ-ын татварын нэмэгдэл нь эдийн засгийн ямар ч чухал ач холбогдолгүй тоо болж хувирсан болохыг, Вашингтон татварыг бусдыг дээрэлхэх, дарамт шахалт үзүүлэх зэвсгээ болгож, өөрсдийгөө элэг доог болгож байна хэмээн мэдэгдэлдээ онцолжээ.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын худалдааны дайн олон улсын зах зээлийг уналтанд оруулж, эдийн засгийн хямрал нүүрлэх айдсыг төрүүлэх болсон юм. Улс орнууд Вашингтонтой худалдааны хэлэлцээ хийхийг яаравчилж байгаа бол Бээжин буулт хийж, АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзсаар байна.
Бээжинд айлчилж буй Испанийн Ерөнхий сайд Педро Санчезтэй хийсэн уулзалтынхаа үеэр Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин, “Худалдааны дайнд ялагч гэж байхгүй, олон улстай сөргөлдөх нь өөрийгөө тусгаарлагдмал байдалд оруулахын үндэс юм. 70 гаруй жилийн турш Хятадын хөгжил зөвхөн дотоодын үйлдвэрлэл, шаргуу хөдөлмөр дээр тогтож ирсэн. Бид хэзээ ч бусдын бэлэн юманд найдаж байгаагүй тйим ч учраас шударга бус дарамт шахалтаас айхгүй. Гадна орчны өөрчлөлтөөс үл хамаааран Бээжин өөртөө найдаж, зорилгоо умарталгүй, дотоодын асуудлууддаа анхаарч ажилласаар байх болно.” хэмээн мэдэгджээ.