
Хятадын хойд зүгийн бүс нутгуудад салхины эрч нэмэгдэхтэй холбоотойгоор гадаа болох арга хэмжээнүүдийг цуцалж, зарим сургууль үйл ажиллагаагаа түр зогсоож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иргэдийг шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг, тэр дундаа 50-иас доош жинтэй иргэд салхинд хийсэх эрсдэлтэйг анхааруулжээ
Монгол улсын зүүн өмнөд хэсгээс ирж буй хүйтэн агаарын урсгалаас болж Бээжин, Тяньжин болон Хэбэй мужийн зарим бүс нутгуудад баасан гарагаас ням гарагийг дуусах хүртэл салхины хурд зарим үед 150 км/ц хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Монголоос хүйтэн агаарын урсгалтай хамт хүчтэй салхи орж ирэх нь жилийн энэ үед хэвийн үзэгдэл хэдий ч энэ жил салхины хурд урьд өмнө байгаагүй хүчтэй байх төлөвтэй байгаа ба агаарын хэм 24 цагийн дотор 13 хэмээр буурч, бямба гарагт салхины хурд хамгийн их байна хэмээн Хятадын эрх баригчид анхааруулжээ.
Бээжин хэдэн арван жилийн дараа анх удаа цаг агаарын улбар шар өнгийн түвшин буюу цаг уурын аюулын 4 түвшний дээрээсээ хоёр дахь түвшнийг зарлажээ.
Хятадын цаг уурын алба салхины хурдыг 1-17 түвшинд ангилдаг ба 11, 12 түвшний салхи ноцтой хохирол үзүүлэх чадвартайд тооцогддог аж. Энэ амралтын өдрүүдээр Хятадын хойд хэсэгт салхины хурд 11-13 түвшинд хүрэх төлөвтэй байгаа аж.
Цэцэрлэгт хүрээлэнгүүд, жуулчдын ихээр очдог газрууд хаалгаа бариад байгаа бол барилгын ажил, галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон байна.
Эрх баригчид иргэдийг ууланд гарах, ой мод руу орохгүй байхыг, ил гадаа гал гаргахгүй байхыг анхааруулжээ.