
Их Британийн ханхүү Харри өнгөрсөн лхагва гарагт дайнд шархдаж, гэмтсэн цэргүүд болон энгийн иргэдэд нөхөн сэргээх эмчилгээ хийдэг үйлчилгээ үзүүлдэг Украины Львов хот дахь Superhumans Center нэртэй эмнэлэгт айлчилжээ.
Их Британийн армид 10 жил алба хаах хугацаандаа Афганистанд хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан ханхүү Харри айлчлалынхаа үеэр Superhumans Center эмнэлгийн эмч, ажилчидтай уулзахаас гадна дайнд шархдсан цэргүүд, Украины Ахмад дайчдын асуудлыг хариуцсан сайд Наталья Калмыковатай уулзжээ.
Ханхүү Харри Их Британийн хааны гэр бүлийн гишүүний албан ёсны үүргийг гүйцэтгэхээ больж, гэр бүлтэйгээ АНУ-д амьдарч байгаа хэдий ч олон улсын сайн үйлсийн төслүүдэд оролцож, дэмжсээр байгаа юм.
Түүний санаачлагаар 2014 оноос цэргийн албыг гүйцэтгэж байхдаа бэртэж гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болсон дайчдад зориулсан Invictus Games тэмцээн зохион байгуулагдах болсон билээ.
Эx Сурвалж: Meduza.IO