
Өнгөрөгч лхагва гарагт Сангийн сайд валютын нөөц 5 тэрбум ам.доллар давсан тухай мэдээлсэн. Гэтэл тэр өдрийн /2025.04.09/ ам.долларын ханш 3545 төгрөг байсан нь валютын нөөц тогтвортой, бүр байх ёстой нөөцөөс давсан байхад ханш нь өссөөр байгаад иргэд бухимдалтай байсан. Харин өнөөдрийн байдлаар ам.долларын ханш Монголбанкны зарласнаар 3528 төгрөг байна.
Монгол Улсын төлбөрийн тэнцлийн ашиг алдагдал нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ, дэлхийн санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, Монгол улсын эдийн засгийн бүтцийн онцлог гэх мэт эдийн засгийн олон хүчин зүйлээс хамаарна. Төлбөрийн тэнцлийн ашиг, алдагдлын гүйцэтгэл нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон гадаад валютын албан нөөцөд тусгалаа олж байдаг.
Монголбанкны тооцооллоор 2025 оны эхний 3 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 616.3 сая ам.долларын алдагдалтай гарахаар байна.
- Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нүүрсний экспортын орлого буурсан нь голлон нөлөөлж байна.
- Нүүрсний экспортын биет хэмжээ 2025 оны эхний 3 сарын байдлаар 8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 сая тонноор буурав. Түүнчлэн дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч байгаагаас шалтгаалан нүүрсний экспортын орлого өмнөх жилийн мөн үеэс 934 сая ам.доллароор буурлаа. Үүнээс үзвэл 2025 оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх онтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая ам.доллараар, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар буураад байгааг Гаалийн Ерөнхий газрын доорх мэдээллээс харж болохоор байгаа юм.
1-р сар | 2-р сар | 3-р сар | Нийт | ||
Үнийн нөлөө | (185) | (259) | (271) | (715) | 76% |
Биет хэмжээний нөлөө | (169) | 135 | (186) | (220) | 24% |
Нийт | (354) | (123) | (457) | (934) |
100% |
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт өссөн.
Тодруулбал, банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд 2024 оны 4 дүгээр улиралд долоо хоногт дунджаар 165.0 сая ам.доллар худалдан авах санал банкуудаас ирж байсан бол уг хэмжээ 2025 оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөөд байна. Түүнчлэн өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 88 сая ам.доллароор өсжээ.
Тиймээс Монголбанкны зүгээс 2025 оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог саадгүй явуулах зорилгоор валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа тогтмол зохион байгуулжээ.
Тус валютын дуудлага худалдаанд ирүүлсэн саналын биелэлтийн хувь нь Монголбанкны валютын зах дахь оролцооны түвшинг илэрхийлдэг бөгөөд тус харьцаа 2025 оны эхний улиралд 80 хувьтай байна. Гэвч дээрх улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэйгээр төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2025 оны 1 дүгээр улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Нөгөө талаас, Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкны зүгээс гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа бөгөөд гадаад валютын улсын нөөц валютын төлбөртэй барааны импортын 5.9 сарын хэрэгцээг хангах түвшинд буюу олон улсын жишиг доод түвшнээс 2.9 сараар илүү байна.
Энэ бүхнээс дүгнэхэд төлбөрийн тэнцлээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах дарамт 2025 орны 1 дүгээр улиралд харьцангуй өндөр байсан ч цаашид буурах төлөвтэй байгаа юм.
Монголбанк эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс шалтгаалсан огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор зах зээлд шаардлагатай тухай бүр оролцон ажиллаж байна. Цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах, олон улсын зах зээлд ам.долларын ханш сулрах, төгрөгийн харьцангуй өгөөж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах дарамт буурах нь ээ.