
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор Эрүүл мэндийн байгууллага түүний ажилтан албан хаагч нарыг өвчин тусаагүй хүнийг оношлон, эмчилж байгаа талаар зүй зохисгүй мэдээлэл тараасан гэж үзэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдөр тайлбар мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдээлэлдээ,
“Пандааны Батчулуун эмч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид саатуулагдаж байхдаа сүрьеэ өвчнөөр өвдсөн нь үнэн. Миний бие ХӨСҮТ рүү албан бичиг хүргүүлж, хариуг 04 сарын 07-ны өдөр авсан. Гэтэл агентлагын удирдлагууд хэвлэлд ярилцлага өгөхдөө худал мэтээр тайлбарласан байна.
Уг мэдээлэл нь 100 жилийн түүхтай Монгол Улсын Эрүүл мэндийн салбарыг тэр дотроо энгийн лаборант, сувилагч, эмч нарыг буруу ташаа шинжилгээ хийж, эмчилдэг мэтээр ярьсанд туйлын бухимдалтай байна. Эсвэл ХӨСҮТ гэдэг эмнэлэг буруу дүгнэлт гаргаад, П.Батчулуун гэдэг хүнд худлаа эмчилгээ хийгээд байгаа юм уу. Зөвхөн Ж.Чинбүрэн гэдэг хүнийг харлуулах зорилгоор ХӨСҮТ гэх байгууллагын эмч, албан хаагчдыг дорд үзэж, үндэслэлгүй тайлбар хийхээ ШШГЕГ-ын удирдлагууд зогсоох хэрэгтэй” гэлээ.
Түүнчлэн, Хууль, журмаар бол хорих анги нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий стандартын шаардлага хангасан хүний нөөц, багаж, тоног төхөөрөмжөөр хангагдсан хэсэгтэй байна гэж заасан. хоригдогч, хоригдол нарт яаралтай эмнэлгийн тусламж үзүүлдэг. Монгол Улсад 20 гаран хорих анги, аймаг бүрт цагдан хорих байр байгаа бөгөөд эдгээрт хоригдож буй хоригдол, цагдан хоригдсон этгээд нар зайлшгүй тохиолдолд орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Гэтэл энэ тусламж үйлчилгээг үзүүлдэг эсэх нь тодорхой бус, хэрвээ үзүүлдэг бол хорих ангид түр саатуулагдаж байгаа, эсвэл хоригдож байгаа хүмүүст энэ үйлчилгээ хүрдэг үү гэдэг нь эргэлзээтэй байна.
Тэнд ажилладаг хүмүүс ерөнхий газрын даргадаа мэдээлэл өгдөггүй юм уу, эсвэл дарга нь үгийг нь тоодоггүй юм уу. Энд П.Батчулуун гэдэг хүний асуудлыг яриад байгаа юм шиг боловч цаана нь түр болон хорих ял авсан олон хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа.
Эрүүл мэндийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний А/38 тоот тушаалаар Сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх журам, заавар батлах тухай баталсан. Энэхүү журмын 4.8.3-т сэжигтэн Яллагдагч шүүгдэгч бүрт сүрьеэ илрүүлэх үзлэг хийх ёстой. Журмын 4.8.8-д сүрьеэ оношлогдсон тохиолдолд ХӨСҮТ-д мэдэгдэх үүрэгтэй. Эдгээр ажлууд хийгдсэн үү?
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа эмнэлэгт хүндэрсэн, эмчилгээгүй болсон этгээдийг гуравдугаар шатлалын эмнэлэгт хүргүүлсээр байгаа. Учир нь хорих ангид хоригдол, ялтан нас барж болохгүй, ШШГЕГ-ын удирдлагууд хариуцлагаас зугтаж ийм арга хэмжээ авсаар ирсэн.
2024 оны 7 сард 23 настай залуу хорих ангид саатуулагдаж байхдаа амь насаа алдсан. Эмчлэгч эмч Батчулуун нь эмнэлэгт хүргэх ёстой гэхэд удирдлагууд нь шилжүүлээгүй үргэлжлүүлэн хорисоор байгаад амь насаа алдсан шүү. Тухайн үед үүргээ биелүүлсэн Батчулуун эмч 1 сарын өмнө ажлаасаа халагдсан байна.