
УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл өглөө.
“Би өнөөдөр Монгол улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрийн гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарт холбогдуулан бусдыг гүтгэсэн хэргээр СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж байна. Энэхүү гүтгэлэг нь Монгол улсын Эрүүгийн хуулинд заасан онц хүнд гэмт хэрэгт тооцогддог 250 сая доллараар Монгол улсын газар нутгийг заран татвараас зайлсхийж, оффшор бүсэд хөрөнгө байрлуулсан гэх мэдээллийг хэд хоногийн хугацаанд байнга гаргаж байгаа учраас үүнтэй холбогдуулаад Монгол улсын Эрүүгийн хуулийн 13-ийн 14-т зааснаар худал мэдээлэл тарааж бусдыг гүтгэсэн гэсэн үндэслэлээр цагдаагийн байгуулалагад хандаж өмгөөлөгчийн хувиар өргөдөл гаргаж байна.
Энэ шинэ асуудал биш. Сонгууль дөхөөд ирэхээр ийм зүйл ярьж эхэлдэг. Үүнийгээ Засгийн газрын хэмжээнд яриад явж байна. Монгол улсын иргэн хүн хэн ч гэсэн хувьцаа эзэмших эрхтэй. Хувьцаа эзэмшиж байсан компанитай нь холбоотой баримтууд болох 431 хуудас баримтыг бид нар Улсын бүртгэлийн архиваас хуулбарлан авч чадсан. Үүнээс гэмт хэргийн ямар нэгэн үндэслэлтэй холбоотой юм тогтоогдоогүй. Тийм учраас энэ зүгээр улс төрийн акц явж байна гэж би харж байна” гэв.