
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн мэдэгдсэнээр Украинд Оросын армийн талд багадаа 155 хятад иргэн байлдаж байгаа аж.
Тэрбээр, “Хятадтай холбоотой асуудал маш ноцтой. Бидний олж мэдсэнээр БНХАУ-ын 155 иргэн Украины нутаг дэвсгэр дээр Украины эсрэг байлдаж байна. Тэдгээрийн овог нэр, паспортны мэдээлэл зэрэг нь бидэнд байгаа ч тэрнээс ч олон хятадууд оросын талд байлдаж байгаа байж болзошгүй байна.” гэжээ.
В.Зеленскийн мэдэгдсэнээр ОХУ нь TikTok ,зэрэг хятадын нийгмийн сүлжээнд сурталчилгаа нийтлэх замаар армидаа хятадуудыг нэгтгэдэг ба Бээжин энэ талаар мэдэх аж.
Шууд, ил байдлаар хятадуудыг армидаа татаж байгаа нь энэ боловч цаана нь нууцаар армидаа нэгтгэдэг схем байхыг ч үгүйсгэхгүй хэмээн Украины төрийн тэргүүн онцолжээ. Түүний хэлсэнээр Оросын армид бүртгүүлсэн Хятадын иргэд Москва хотод 3-4 хонохдоо эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд ордог ба 1-2 сарыг сургалтын төвүүдэд өнгөрүүлдэг аж. Ерөнхийлөгч В. Зеленскийн мэдээлсэнээр Украины нутаг дэвсгэр дээр тулалдаж буй хятадууд ОХУ-д албан ёсоор цагаачаар бүртгүүлсэн байх ба Оросын төлбөрийн системийн “Мир” картаар дамжуулан хөлс мөнгөө авдаг аж. Өнгөрсөн мягмар гарагт В. Зеленский Украины зэвсэгт хүчин Донецк мужийн нутаг дэвсгэр дээрээс Оросын талд байлдаж байсан Хятадын хоёр иргэнийг олзолсон тухай мэдэгдэж байсан билээ. Олзлогдсон хоёр хятад иргэний нэг нь Оросын армид элсэхийн тулд дундын зуучлагчид 300 мянган рубль төлсөн тухайгаа мөн цэргийн албан хаагч болж, ОХУ-ын иргэншилтэй болохыг хүссэн талаараа ярьжээ. Хятадын Гадаад харилцааны яамнаас үүнтэй холбоотойгоор иргэддээ дайн тулаанаас хол байхыг тэр тусмаа дайнд тулаанд оролцохгүй байхыг уриалдаг болохоо мэдэгдсэн юм.