
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Миний дэлгүүрт гал гарж үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч Д.Жанчив амиа алдсан. Ар гэрийнхэн нь Дөрөвдүгээр сарын наймны өдөр хэвлэлийн хурал хийж алба хаагчдын хувцас хэрэглэл стандарт хангадаггүй, ажиллаж байх хугацаандаа олон мянган хүний амь авраад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн бол баатар цолыг нь гэр бүлийнхэнд нь нөхөж олгох ёстой. Мөн нөхөр нь Дүнжингаравын дэлбэрэлттэй ижил нөхцөлд амь эрсэдсэн атал ижил тэгш хандаж дэмжлэг үзүүлээгүй зэрэг асуудлуудыг хөндсөн юм. Тус мэдээллээрээ Ерөнхийлөгчид хандаж байгаагаа хэлээд суулт зарлахаа мөн мэдэгдсэн. Өчигдрөөс эхлэн Д.Жанчив агсны гэргий Б.Ганцэцэг хүүхдүүдийн хамт Төрийн ордоны баруун хаалганы гадна суулт зарлаж эхэллээ.
Д.Жанчив агсны гэргий Б.Ганцэцэг: Нэг жилийн өмнө нөхөр минь Чингэлтэй дүүргийн 7-р хороонд байрлах Миний сүлжээ дэлгүүрийн галыг унтраах явцад амь насаа алдсан. Бид хоёр 22 жил ханилсан. Таван хүүхэд минь өнчирч үлдлээ. Энэ нэг жилийн хугацаанд миний биеийн байдал ч сайн байсангүй. Олон хүнд хагалгааны ард гарлаа. Өнгөрсөн хугацаанд олгогдох ёстой байсан тэтгэвэр тэтгэмжийг олгосон. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж Дүнжингаравын дэлбэрэлтийн үеэр гал унтраах явцдаа амиа алдсан аврагчдын ар гэр ахуйн асуудал дээр буцалтгүй тусламж үзүүлсэн. Ижил нөхцөл байдал шүү дээ. Тэгэхэд манай гэр бүлд ялгавартай хандсан. Олны анхааралд өртсөн бол өөр хандаад олны анхааралд өртөлгүй өөд болбол тоохгүй орхиж байна шүү дээ. Бид Ерөнхийлөгчийг хариу өгөх хүртэл суултаа үргэжлүүлнэ.
25 жил гал унтраах албанд ажилласан алба хаагчаа Монгол Улс, Засгийн газар яагаад үнэлэхгүй байгаа юм бэ. Гомдолтой байна. Миний хань 25 жил ажиллахдаа 1.1 гэдэг албан тушаалд ажилласан. Энэ нь аливаа том гал руу хамгийн түрүүнд ордог эрсдэлтэй алба байдаг. Энэ хугацаанд 7000 гаруй хүний амь насыг аварсан.