
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 14-нийг дуустал долоо хоног Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцолж, төрөл бүрийн урлагийн тоглолт, хоолны тэмцээнүүд зохион байгуулж байна. Мөн маргаашаас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм.
Сонирхуулахад, төв талбайд барьсан 4000 хүний багтаамжтай том асар цаашид байнгын ашиглагдах бөгөөд хүйтний улиралд хураагдах аж. Мөн тус асарт хоолны өдөрлөгийн дараа циркийн долоо хоног, шагайн харваа зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар болжээ.