
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль өчигдөр /2025.04.08/ төв талбайд эхэлсэн. Хоолны фестиваль энэ сарын 14-нийг дуустал долоо хоног үргэлжлэх бөгөөд та 5 мянган төгрөг төлж ороод, Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлтой танилцах боломжтой аж. Мөн төрөл бүрийн урлагийн тоглолт, хоолны тэмцээнүүд зохион байгуулах юм байна.
Өчигдөр Бүгд найрамдах Узбекистан улсаас урьж авчирсан мастер тогооч нар Узбекистан үндэстний алдарт плов, шашлык, казань кебаб, самса тэргүүтнийг иргэд, жуулчдад амтлуулж байлаа.
Хоолны фестивальд ирсэн “Positive Mongolians”-ийн үүсгэн байгуулагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар сэтгэгдлээ хуваалцлаа.
Э.Дөлгөөн: Узбек плов гоё юм байна. Мах нь их зөөлөн. Анх удаагаа ийм том аварга тогоонуудад хоол хийхийг, 10 гаруй том тогоонд хийсэн хоолыг хүмүүс оочирлож байгаад идэхийг харж байна. Заваан ширээ нэг ч алга. Хүмүүс хогоо хаяж дадсан байна.
Тооцоолж байснаас нь их хүн ирсэн юм шиг байна. Хоол нь дуусах гээд гадаа ирсэн хүмүүсийг түр оруулахгүй хүлээлгэж байх шиг байна. Тэгээд бага, багаар нь оруулж байгаа бололтой.
Д.Түвшинбаяр: Зөвхөн хоолонд битгий ач холбогдол өгөөрэй. Хоол идэнгээ тоглолт үзчихэж байна. Юм үзээд, хоол иднэ гэдэг чинь бид хотын соёлд суралцаж байна аа л гэсэн үг.
Дөрөвдүгээр сарын 12-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм. Цаашид НЗДТГ-аас “UB food” фестивалийг жуулчид, хоол сонирхогч, тогооч мастеруудын хүсэн хүлээдэг, зорин ирдэг, олон улсын арга хэмжээ болгохыг зорьж аж.
Тодруулан хэлбэл, жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг болох нь ээ.