
Өрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгыг урьсан юм. Түүнээс Төгрөг нуурын эзэмшил болон Зүүнбаянгийн төмөр зам, MCS компанитай “дайтах” болсон шалтгаан зэрэг нэр холбогдсон асуудлуудынх нь дагуу хариулт авлаа.
-Бидний урилгыг хүлээн авч цаг гаргасан танд баярлалаа. Сайхан хаваржиж байна уу?
-Сайхан сайхан хаваржиж байна уу?
-Сайхан. Та намрын чуулганыг хамгийн их тасалсан гишүүний нэг. Хуралдаа суухгүй юм бол яах гэж гишүүн болсон юм бэ?
-Харин тийм ээ. Үүгээрээ нэг цол авчхаад л байна. Одоо хаврын чуулгандаа сууна аа. Бага зэргийн шалтгаанууд бас байгаа юм. Нэгдүгээрт очоод бүртгүүлэхэд бүртгэлд нь орохгүй байгаа юм. Хоёрдугаарт эрүүл мэндийн асуудал байгаа. Ээж байнга загнаж байна. Одоо бол сууж байгаа.
-Хоолой асуудалтай байгаа юм байна. Та аль болох чанга ярихыг хичээгээрэй.
-Тийм ээ. Хоолой улам сөөгөөд буцаад сэргэхгүй л байна.
-Та танк урдаас ороод ирнэ ээ гэж “тархи угааж” байсан байх аа?
-12 жилийн өмнө ярьж байсан. Тархи угаалт ч биш л дээ. Манай зэвсэгт хүчнийхэн, батлан хамгаалахынхан бүгд л үүнийг мэддэг. Түүнийг яриад байлтай биш. Украйн ОХУ-ын дайныг харж байхад танк, дрон хоёроор байлдаж байна шүү дээ. Үүнд бид алсын хараатай байх ёстой. Даа ялангуяа хуурай газраар олон километр хиллэдэг улсууд бол сэрэмжтэй байх хэрэгтэй.
-Та Тавантолгойн бүлэг ордын 50 хувьтай тэнцэхүйц, гурван тэрбум тонны нөөцтэй Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллароор оффшор дансаараа дамжуулан зарсан уу?
-Хоёрдугаар сарын нэгнээс УИХ-ын дөрөв, таван гишүүн улс орноороо тойрлоо. Зорилго нь Баялгийн сандаа стратегийн ордуудаа өгье. Үүнд Төгрөг нуур, Ухаа худаг гэх мэт 50 гаруй орд байгаа. Энийгээ өгөөд Баялгийн сангаа арвижуулаач гээд л яваад ирлээ шүү дээ. Яваад ирсэн чинь ЗГХЭГ-ын дарга нь хүн гүтгээд Төгрөг нуурын ордоо өг өө гэж байгаа юм. Тэр орд минийх юм бол би 100 хувь өгье. Бусад нь бас 100 хувь өгчих гэж би уриалмаар байна. 40 гаруй гишүүд уул уурхайн лиценз эзэмшдэг юм билээ. Тэгвэл бүгдээрээ л өгье л дөө. Үнэхээр тэр ордыг минийх гэж байгаа юм бол бүгдийг нь улсдаа, Баялгийн сандаа өгье. Хамгийн аймшигтай гүтгэлэг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Х.Баттулга над дээр Тавантолгойн ордыг өгчих гэж орж ирсэн гэж хэлж байгаа юм.” Үүнд ээж маань хүртэл үнэмшиж байна шүү дээ. Ээж дээрээ очсон надтай дуугардаггүй. Үүнийг үнэмшчихсэн байгаа юм чинь. Гүтгэлэг болгоныг тайлбарлаад байвал барахгүй биз. Гүтгэлэг бол маш тодорхой байна Стратегийн ордуудын 34-50 хувийг Баялгийн санд төвлөрүүлье гэдгээс л нөгөөдүүл чинь зохион байгуулалттайгаар ЗГХЭГ-ын даргыг ашиглаж байна. Уг нь засгийн газар Баялгийн сангаа арвижуулах гээд байгаа биз дээ. Би тэр талыг нь дэмжээд байгаа шүү дээ. Нэг л Монгол шүү дээ бид чинь. 3.5 сая хүнээ л лицензтэй болгох арга чинь Баялгийн сан юм аа. Баялгийн сан чинь дуншиж дуншиж өнгөрсөн жил УИХ-аар батлагдлаа. Үүнээсээ ухарч болохгүй ээ.
-Эсвэл таныг Ураныг эсэргүүцээд байгаа гээд Н.Учрал сайл энэ асуудлыг гаргаж тавив уу?
– Ураныг эсэргүүцээд байгаа зүйл байхгүй. Үүнийг иргэд айдас хүйдэстэйгээр хүлээж аваад байна шүү дээ. Эхлээд гадна, дотнын мэргэжлийн хүмүүсээр нь УИХ-ын гишүүддээ ойлгуулж иргэдтэйгээ уулзуулж танин мэдэхүйн чиглэлд ажилламаар юм шиг санагдсан. Ингэснийхээ дараа УИХ-аар хэлэлцүүлсэн бол олон нийт өөрөөр хүлээж авах байсан.
-2008 онд MCS компани “Ухаа худаг” ордыг хууль бусаар авсан гээд байгаа шүү дээ Засгийн газрын тэмдэглэлээр авч байхад тэр үед нь яагаад дуугараагүй юм бэ?
-Энэ тэмдэглэлээр авсан байна гэдэг нь одоо Л.Оюун-Эрдэнийн засаг дээр яригдсан яриа. Урьд нь бид мэддэггүй байсан. С.Баярын засгийн газар гэрээ хийгээд өгчихсөн байна аа л гэж бодож байгаа юм. Хайгуул хийсэн төлбөрийнх нь оронд Тавантолгойн орд газрын дөрвөн хувь буюу Ухаа худгийг С.Баярын засгийн газар гэрээ хийж өгсөн байна гэсэн ойлголттой өдийг хүртэл явсан. Тэр том ордыг тухайн салбарын сайд Наранхүүгийн тэмдэглэлээр өгчихсөн байна аа гэж одоогийн Ерөнхий сайд эхэлж байна. Арай хүн гүтгээгүй байлгүй дээ.
-Таны зүтгэж хийсэн Тавантолгой Зүүнбаянгийн төмөр зам эдийн засгийн ач холбогдол, эргэлт хамгийн муутай төмөр зам гэж нэрлэгддэг?
-Хамгийн эргэлт сайтай байх ёстой төмөр зам. Энэ төмөр зам чинь цаашаа үргэлжлээд Хөөт, Бичигт, Баянтүмэнгийн төмөр замтай төгсгөл нь нийлнэ. Одоогийн ач холбогдол нь юу вэ гэхээр Сайншандад бид нар аж үйлдвэрийн парк байгуулах ёстой юм. Сэлэнгийн ореонд байгаа төмрийн хүдрийг, Өмнөговьд байгаа кокосжсон нүүрстэй нийлүүлээд ган үйлдвэрлэх ч юм уу ямар нэг байдлаар нэмүү өртөг шингэсэн зүйл үйлдвэрлэдэг аж үйлдвэржсэн улс орон болох зорилттой төмөр зам. Энийгээ ойлгохгүй төслийг нь татан буулгачхаж байгаа юм хорлож байгаа юм шиг. Тэгвэл яах гэж төмөр зам барьсан юм.АНУ-ын Bechtel гэж компаниар аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ-ийг хийлгэсэн засгийн газарт нь байгаа. Тэгээд Boston consulting гэж олон улсын зөвлөх баг өнөөдрийн засгийн газарт зөвлөж байгаа юм билээ.Би Boston Consulting ирсэнд байрлаж байгаа.
-Таныг Оросуудаас санхүүждэг, Оросуудын эрх ашгийг хамгаалдаг болохоор улсынхаа томоохон төслүүдийг гацаадаг гэдэг яриа улс төрчдийн дунд байдаг. Та яагаад гацаагаад байдаг юм бэ?
-Манай улсын томоохон төслүүдийн гол судалгааг хийлгэж, ТЭЗҮ-ийг нь хийлгэсэн сайд сүүлийн 30 жил надаас өөр байхгүй шүү . Өөрөө том том төслүүдийг ярьчхаад, өөрөө гацаагаад байна гэдгийг би ойлгохгүй байна. Сайншандын аж үйлдвэрийн парк, 20 сая ширхэг арьс шир боловсруулах ноос ноолуурын үйлдвэр, Монгол орны төмөр замын төсөл зэргийн ТЭЗҮ-ийг боловсруулуулсан. Хэрэгжсэн нь авто замын төсөл. Бид чинь авто зам ч үгүй л байлаа шүү дээ. Дээр дурдсан төслүүд хэрэгжих боломжтой байсан. Женкогийн төслийг дэмжихгүй шүү гээд л гацаачихдаг. Одоо хүртэл тэр төмөр замыг Женкогийн төмөр зам гэдэг. Монгол улсын төмөр зам шүү дээ.
Би 15,16 настайгаасаа бөхийн спортоор хичээллэсэн. 18, 19 настайгаасаа Монгол улсынхаа төрийн далбааг дэлхийд мандуулж эхэлсэн. Монгол улсынхаа төлөө өдийг хүртэл явж байгаа. Тиймдээ ч би Ерөнхийлөгч болсон. Хүүхэд наснаасаа тэгж төлөвлөсөн. Би нэг л эх оронтой хүн.
-Та яагаад MCS компанитай “дайтаад” байдаг юм бэ?
-Тодорхой шүү дээ. Улсад байх ёстой баялгийг хэдэн намынхан нийлж авах гээд байна. Тэрийг нь шүүмжилсэн. Гэтэл нөгөө намчид нь хувьцаагаа зараад гараад явчихсан юм билээ. Бодвол тэр том ордыг авах гэж байхад нь болиуллаа гээд бизнесийн хүмүүс надад дургүй болсон байх. Дуртай байх үндэс байхгүй. Дайн ч гэж бас хэлэхгүй өмчийн маргаан гэх юм уу.
-2020 онд ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсний гороор “Эрдэнэс Силвер Ресурс” 850 тэрбум төгрөгийн өрөө төлж чадахгүй дефолт зарлахад хүрсэн. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр АТГ-аас гүйцэтгэх ажлын материал танилцуулсан. Ямар материал танилцуулсан бэ гэхээр Дундговь аймгийн Салхитын мөнгөний ордыг авсан хоёр Хятад цагдаа шүүхийнхнийг авилгадаад байна гэдэг асуудал дээр гүйцэтгэх ажиллагааны материал танилцуулж уут уут мөнгө өгч авч байгаа бичлэгийг бидэнд үзүүлсэн. Санаж байгаа бол 10 гаруй шүүгчийн ажиллах эрхийг нь түдгэлзүүлж байсан. Хууль зөрчиж олборлолт хийж байгаа бол улс тэр ордыг буцааж авдаг хуультай. Мөн сорьцоо буруу бичиж хилээр гаргадаг зэрэг зөрчлүүд илэрсэн. Яг тэр үед иргэдтэй уулзаад явахад арван хүний найм нь тэтгэврийн зээл ярьдаг. Хөгшид бид үхэж чадахгүй болчихлоо гэдэг. Би ойлгохгүй байсан чинь тэтгэврийн зээл чинь хэрвээ нас барвал хүүхэд нь төлнө гэдэг их муухай заалттай юм билээ. Энэ зээл чинь хүүхдүүдийн сургалтын төлбөр, эм, эмчилгээний төлбөр гэх мэт зүйлсэд зарцуулагдаж байгаа зовлонт зээл байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бид нар ярилцаад ийм зөрчилтэй орд байна, Монголчуудад ийм зовлон байна, нөөц нь хүрж байгаа учир үүгээр зээлийг нь тэглэе гэдэг шийдэлд хүрсэн. Харамсалтай нь намайг ажлаа өгсний дараа Баттулгын хамааралтай гээд мэргэжилтнүүдийг нь солиод шал өөр мэргэжлийн хүмүүс тавьсан. Үүнээс болж менежментийн алдаа гарсан. Гаднынхны авчихсан баялгаар зургаан мянган ахмадын зургаан сая хүртэлх зээлийг тэглэж болдог гэдгийг харуулсан. ЭНэ бол бахархалт үйл явдал шүү.
-2020 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа сонгох зохицуулалттай болсон. Одоо дахин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж ахин сонгодог болгох шаардлагатай юу?
-Хөдөөгүүр уулзалт хийгээд явахад ахин ерөнхийлөгч болоорой гээд хөгшчүүл ерөөж байна. Үндсэн хуулийндаа Монгол Улсын ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно гээд заачихсан. Үүнийг өчнөөн юм болж ярьж байж батлуулсан. Одоо тийм зүйл байхгүй. Наадах чинь худал ховын чанартай зүйл. Улсын Ерөнхийлөгч болно гэдэг ховор хувь заяа.
-Та “Монгол ялна” гэж уриалдаг. Монгол ялсан уу?
-Монгол ялна гэдэг урт удаан үйл ажиллагаа юм байна л даа. Монгол хүн цалингаараа амьдардаг болоод гадагшаа дотогшоо зугаалдаг, цалингаараа орон сууцны зээлд хамрагддаг, хүнээс мөнгө гуйхгүй эмчлүүлдэг тогтолцоо руу орж байж Монгол ялах юм билээ.