
Миний дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг мэдээлэл өглөө.
“Миний нөхөр Д.Жанчив одоогоос яг нэг жилийн өмнө Чингилтэй дүүргийн 7-р хороонд байрлах Миний сүлжээ дэлгүүрийн галыг унтраах явцад амь насаа алдсан. Бид 22 жил ханилсан таван хүүхэдтэй. Том хүү Ж.Бат-Оргил маань өнөөдөр надтай хамт ирээд байна.
25 жил гал унтраах албанд ажилласан алба хаагчаа Монгол Улс, Засгийн газар яагаад үнэлэхгүй байгаа юм бэ. Гомдолтой байна. Миний хань 25 жил ажиллахдаа 1.1 гэдэг албан тушаалд ажилласан. Энэ нь аливаа том гал руу хамгийн түрүүнд ордог эрсдэлтэй алба байдаг. Энэ хугацаанд 7000 гаруй хүний амь насыг аварсан.
Гал сөнөөгчид хувцсандаа л найдаж улаан гал руу ордог. 25 жилийн туршлагатай миний хань амь үрэгдчихлээ. Энэ ОБЕГ-ын хувцас, хэрэглэлийн чанарыг харууллаа гэж бодож байна. Монголын аврагч алба хаагчдын өмсдөг малгай шатахад шалчийдаг. Гэтэл үүнийгээ 400 градуст тэсвэртэй гэдэг. Би үүгээрээ ОБЕГ-ын мууг үзэх гээд байгаа юм биш. Яагаад аврагчдынхаа амь насыг нэгт тавьж болдоггүй юм бэ гээ дуугарч байгаа юм шүү.
Би ханийгаа баатар гэж хэлнэ. Монгол улсын баатар гэдэг цолыг ямар хүнд олгогддог юм бэ гэдгийг би асуумаар байна. 7000 мянган хүн аварсан хүн өнөөдөр үрэгдчихээд байна. ОБЕГ-ын алба хаагчид үрэгдэхэд баатар цолыг нь гэр бүлийнхэнд нь өгчхөж болдоггүй юм уу. Ар гэрийнхнийх нь хувьд энэ чинь амь насных нь үнэ цэнтэй тэнцэх бахдам зүйл. Алба хаагчдынхаа шагналыг дарга нар нь авдаг хэр нь хариуцлагыг нь тэд хүлээдэг бил үү.
Өнгөрсөн хугацаанд олгогдох ёстой байсан тэтгэвэр тэтгэмжийг олгосон. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж Дүнжингаравын дэлбэрэлтийн үеэр гал унтраах явцдаа амиа алдсан аврагчдын ар гэр ахуйн асуудал дээр буцалтгүй тусламж үзүүлсэн. Ижил нөхцөл байдал шүү дээ. Тэгэхэд манай гэр бүлд ялгавартай хандсан. Олны анхааралд өртсөн бол өөр хандаад олны анхааралд өртөлгүй өөд болбол чимээгүй орхих уу? Би энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөг У.Хүрэлсүх, Чингилтэй дүүргийн ИТХ-ын дарга болон Засаг даргад хандсан. Бид Ерөнхийлөгчийг зөв шийдвэр гаргатал бид гэр бүлээрээ маргаашнаас суулт хийнэ. Ханийн минь хөдөлмөрийг үнэлээд бидний хүүхдүүдэд хуулийн дагуу олгох ёстой зүйлийг нь олгооч хэмээн ярьсан” юм.