
ОБЕГ-аас Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр гарсан аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээг хүргэлээ.
Нэг өдрийн дотор шар өвс шатах, ахуйн түймэр, ой хээрийн түймэр зэргээр 25 түймрийн тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 16 нь Улаанбаатар хотод ес нь хөдөө орон нутагт гарсан байна. Үүний хоёр нь ой хээрийн түймэр байгаа юм.
Ой хээрийн түймэр
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Цайдам нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 22:00 цагт цурамд оруулан, 04.07-ны өдрийн 14:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 120 га талбай өртөж шатсан.
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Залай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 175 км, сумын төвөөс зүүн урд 25 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 19:13 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 45 га талбай өртөж шатсан.