
“Мөрч” УСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарч, хүндэтгэлийн цомоо гардан авлаа. “Нийслэл хүүхэн”, “Шар гэгээ” зэрэг нэг болон олон ангит киногоороо бүх цаг үеийн үзэлтийн рекордыг тогтоож байсан “Оранж энтертайнмент” энэ удаад “Мөрч” ОАК-гоороо ээлжит амжилтаа тогтоов.
Өнгөрсөн 3-р сарын 13-ны өдөр нээлтээ хийсэн “Оранж энтертайнмент” болон “Мобинет” ХХК-ийн хамтрал “Voo Original series” болох “Мөрч” олон ангит уран сайхны кино нээсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ аван, эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарч, хүндэтгэлийн цомоо гардан аваад буй юм.
Түүнчлэн “Мөрч” УСК-ны гол дүр болох монгол “Шерлок Холмс” мөрчийн дүрд жүжигчин Н.Ялалт тоглосон бол бусад гол дүрд жүжигчин О.Оюун, Б.Батмэнд, Д.Бэхбилэг, Л.Энхбаяр, залуу жүжигчид болох Х.Сумъяадорж, Ч.Цэнгүүн, Ц.Мөнхболд, Л.Жижжалам, Э.Төгсжаргал нар тоглосон. Харин хатны дүрд “Тэнгисийн эрэг 247” шоунд оролцох үедээ “Монгол хатны дүрд тоглох болно” хэмээн амлаж байсан жүжигчин Б.Энхзаяа тогложээ.
Уг кино “Voo”-н 28 дахь “Original series” бөгөөд Монголын анхны түүхэн, детектив жанрын тус кино Монгол улс, Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу 19-р зууны сүүлч үед өрнөх үйл явдал, нууцлаг гэмт хэргийн мөрдлөгийн тухай өгүүлж байгаараа онц сонирхолтой юм. Тус олон ангит киног Пүрэв гараг бүр “VOO”-с, Ням гараг бүрийн 22:00 цагт NTV телевизээр хүлээн авч үзэх боломжтой аж.
Түүнчлэн “Мөрч” УСК-ны найруулагч П.Дэлгэрбаяр: Мөрч” киноны найруулагчийн хувьд үнэхээр их баяртай байна. Уран бүтээлч хүний аз жаргал гэдэг, уран бүтээлээ үзэгчдэд толилуулж тэднээс урам авах, үзэгчид сэтгэл хангалуун байх мэдрэмжийг мэдрэх хамгийн аз жаргалтай байдаг. Манай кино нийт 10 ангитай. Яг 4 дэх анги дээрээ ийм шагнал хүртэж байгаад баяртай байна. Монголын кино үзэгчдийг ойртуулж, олныг хамарч чадаж байгаад баяртай байна. Киноны маань дараагийн бүлэг гарах уу, үгүй юү гэдэг үзэгчдэд маш сонирхолтой байгаа байх. Мэдээж хэрэг амжилттай яваа киногоо үргэлжлүүлэх хүсэл, эрмэлзэл уран бүтээлч бидэнд байгаа хэмээн сэтгэгдэлээ хуваалцав.
Харин “Мөрч” УСК-ны продюсер Ү.Баяржаргал: “Мөрч” УСК маань маш олон хүний хүч, хөдөлмөр шаардсан бүтээл. Энэ бүтээлээрээ бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарсандаа баяртай байна. Хамгийн их баярлаж байгаа зүйл нь манай киноны дөнгөж эхний 4 анги цацагдаад, ийм амжилт тогтоолоо. Цаана нь 6 анги байгаа. Үлдсэн ангиудын турш улам сонирхолтой үйл явдал өрнөнө. Үзэгч олонд таалагдана гэдэгт итгэлтэй байна гэлээ.