“Монголын xүчтэн” барилдаанд зодоглоx бөxчүүдийг сонгоx санал xураалт маргааш дуусна

“Хасын Хүлэгүүд” болон ДеМаркус Казинсыг нэгтгэсэн “Сэлэнгэ Бодонс” багуудын цувралын долоо дахь тоглолт өчигдөр /2025.04.06/ болж, “Хасын Хүлэгүүд”-ийн ялалтаар өндөрлөсөн. Ийнхүү ДеМаркус Казинсыг нэгтгэсэн “Сэлэнгэ Бодонс” баг МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлаа албан ёсоор өндөрлүүлж байна. Үндэсний дээд лигт тоглосон ДеМаркус Казинс фэнүүдэд хандаж, сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэрбээр “Монголын сагсан бөмбөгийн үнэнч фэнүүд, тэр дундаа “Сэлэнгэ Бодонс” багийн дэмжигч та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хэдий Монголд өнгөрүүлсэн хугацаа маань богинохон байсан ч энэ хугацаа миний амьдралд мартагдашгүй дурсамж болж үлдлээ. Би хайртай спортоо тоглохоор ирсэн ч энэ газраас би хүсэл тэмүүлэл, бахархлаар дүүрэн ард түмэн, өвөрмөц соёл, үзэсгэлэнт байгаль гээд илүү гүн гүнзгий зүйлсийг мэдэрч, олж авлаа. Би Монголын гайхамшигт соёл, ард түмэн, Монгол Улсад дурласан. Та бүхний хайр, дэмжлэг надад үнэхээр их урам өгч, намайг гэр бүлийн нэгэн гишүүн мэт халуун сэтгэлээр хүлээн авсныг хэзээ ч мартахгүй. Бодонс багийг төлөөлөн тоглох миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Талбайд гарах бүртээ та бүхний энэ спортод зориулж буй энерги, бахархал, урам зориг, хайр бүхнийг мэдэрч байсан. Энэ мэдрэмжүүдийг би хэзээ ч мартахгүй.Энэхүү боломжийг надад олгосон “Сэлэнгэ Бодонс” багийн хамт олон, Лүндэгийн Наранбаатар та бүхэнд тусгайлан талархал илэрхийлье. Мөн дасгалжуулагчдаа болон багийнхаа бүх гишүүддээ талархал илэрхийлье.
Баяртай гэж хэлэхгүйгээр дараа дахин уулзацгаая. Монгол Улс үргэлж миний зүрхэнд байх болно. Би Монгол Улсын талаар, та бүхний энд бий болгосон гайхалтай лигийг үргэлж бахархалтайгаар ярьсаар байх болно. Дараа дахин уулзацгаая” гэв.