
Монгол Улсын банкны салбарын зээлийн үлдэгдэл 2023 оны 1 дүгээр сарын байдлаар нийт 54.3 их наяд төгрөг байна. Зээлийн мэдээллийн тухай хууль батлагдах жилд буюу 2011 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар банкны салбарын зээлийн үлдэгдэл 9.4 их наяд төгрөг байсан.
Чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн үлдэгдлийн 10 хувьтай тэнцэж буюу зохих түвшинд байгаа бөгөөд цаашид хадгалах, бууруулах чиглэлээр банк, санхүүгийн салбарт мөрдөх хууль, тогтоомжийг нийгэм, эдийн засаг, салбарын хөгжилтэй уялдуулж батлах, шинэчлэх үйл ажиллагааг тогтмол хийж салбарын тогтвортой байдал хангагдах юм.
Зээлийн мэдээллийн санд
- 13 арилжааны банк,
- 436 банк бус санхүүгийн байгууллага,
- харилцаа холбооны компаниуд,
- төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд,
- хадгаламж зээлийн хоршоо гэх мэтчилэн төрийн, хувийн хэвшлийн байгууллагууд иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг нийлүүлдэг.
2024 оны 02 дугаар сарын байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл хадгалагдаж байна.
Зээлдэгчийн зээлийн түүхийн мэдээлэл үнэн зөв байж, зээлийн үнэлгээ, зэрэглэл тогтооход шаардагдах бүх мэдээллийг бүрэн хэмжээгээр агуулсан, мэдээлэл тогтмол шинэчлэгдэж, цаг үеийн мэдээллээр баяжигдаж түүн дээр суурилсан зээлдэгчийн үнэлгээ, зэрэглэл тогтоох онооны аргачлалыг баталсан нэгдсэн журам эрх бүхий бодлого тодорхойлогч байгууллага болох Монголбанк батлах шаардлагатай.
Эрх бүхий байгууллагаар нэгдсэн аргачлал, баталсан журамтай болсноор зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдэж байгаа мэдээллийг зөв ашиглах, бодит байдалтай нийцсэн, нэгдсэн онооны аргачлалаар зээлдэгчийн зэрэглэлийг тогтоох боломжтой болох юм байна.
Зээлдэгчийн зээлжих чадварыг нэгдсэн онооны аргачлалаар тодорхойлсноор зээлийн эргэн төлөлтийн найдвартай байдлыг хангах, банк, санхүүгийн салбарын тогтвортой ажиллагаа, аюулгүй байдал, банкны системийн нийт 28.6 их наяд төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл хөрөнгийн эргэн төлөгдөх баталгааг хамааруулна.
Зээлийн мэдээллийн тухай хуульд зээлийн мэдээллийг ашиглан үйлчилгээ үзүүлэх этгээд зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох гэж заасан боловч ямар аргачлал болон холбогдох журмын дагуу үнэлгээ хийж, зэрэглэл тогтоох талаар хуульд заагаагүй бөгөөд зээлдэгчийн зээлийн мэдээллийг зөв, бодит байдалтай нийцүүлэн ашигласнаар банк, санхүүгийн үйл ажиллагаанд оролцогч талуудын санхүүгийн сахилгыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлж шийдвэр гаргалтыг тоон мэдээлэл, тодорхой арга, онооны аргачлалыг үндэслэн хэрэгжүүлэх боломжтой болно.
Ингэснээр иргэд ХАР ЖАГСААЛТ гэдэг “айдас, хүйдсийн хонгил”-оор алхахгүй, онооны системээр тэнцвэртэй үнэлүүлэх боломжтой болох аж.