
Өнгөрсөн бямба гарагт Испанийн хотуудад олон арван мянган иргэд орон сууцны түрээсийн үнэ нэмэгдсэн явдлыг эсэргүүцэж, орон сууцыг хүртээмжтэй болгохыг шаардан жагсжээ.
Жагсаалыг зохион байгуулагчид Мадрид хотод болсон жагсаалд 150 мянган иргэд оролцсон талаар мэдээлжээ. Мадрид хотын орон сууц түрээслэгчдийн холбооны мэдээлсэнээр Испанийн 1.4 сая өрх ордогынхоо 30 гаруй хувийг орон сууцны түрээсэнд өгдөг аж.
Аялал жуулчлал нэмэгдсэнээр түрээслүүлэгч нар гадаадын жуулчдад орон сууцаа өндөр үнээр түрээслэхийг илүүд үзэх болсон ба үүнээс болж орон сууцны түрээсийн үнэ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн байна.
Анхандаа уг асуудал нь жуулчид ихээр очдог Балеарын арлууд, Канарын арлууд, Барселона хотод хурцдаж эхэлсэн бол өнөөдөр Севилья, Валенсия, Сантьяго-де-Компостела, Бургос, Сан Себастьян зэрэг хотуудад тулгарч эхэлжээ.
Балеарын арлуудад өнгөрсөн 5 жилийн хугацаанд орон сууцны түрээсийн үнэ 40 хувиар нэмэгдэж, 1400 орчим еврод хүрсэн нь аялал жуулчлалын салбарт ажилладаг иргэдийн сарын дундаж цалинг давжээ.
Түрээсийн үнэ нэмэгдэж, орон сууцны хүртээмж буурсанаар 30-аас доош насныхны 85 хувь нь одоог хүртэл эцэг эхтэйгээ амьдарч байна гэсэн судалгаа өнгөрсөн жил гарчээ.
Барселона хотод жагсагчид засгийн газраас орон сууцны түрээсийн үнийг 50 хувиар бууруулахыг, нэгээс олон үл хөдлөх эзэмшигчдээс татвар авахыг шаарджээ. Барселона хотод л гэхэд сүүлийн 10 жилд иргэдийн цалин дөнгөж 17.5 хувиар өссөн бол орон сууцны түрээсийн үнэ 70 хувь нэмэгдсэн үзүүлэлттэй байна.