
Хойд Солонгос 6 жилийн дараа дахин Пхеньяны Олон улсын марафоноо энэ ням гарагт зохион байгуулах гэж байна.
Коронавирусын цар тахлын үеэр хилээ хааж, гадаадын аялагчдад сүүлийн хэдэн жил хаалттай байсан тус улсын нийслэлд зохион байгуулагдах олон улсын марафонд оролцохоор БНХАУ, Румын зэрэг улс орнуудын тамирчид хүрэлцэн ирээд байгаа тухай тус удсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлжээ.
Бээжинд төвтэй Koryo Tours компаниын ерөнхий менежер Саймон Кокерелл нийгмийн сүлжээн дэх хуудсандаа өнгөрсөн баасан болон бямба гарагт Пхеньян хотын нэгэн зочид буудалд буусан гадаадын 200 орчим аялагчид марафоны бэлтгэлээ хийсэн тухай нийтэлжээ.
Koryo Tours компани нь Пхеньян Олон улсын марафоны албан ёсны түнш бөгөөд марафонд оролцох хүснлтэй гадаадын иргэдийг бүртгэж авах ажлыг хариуцан ажиллажээ.
Марафонд оролцогчид нийслэл Пхеньян хотын төв болон хотын захаар гүйсээр 50 мянган хүний суудалтай цэнгэлдэхэд бариандаа орох аж.
Пхеньяны Олон улсын марафон нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны өвөө, БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ил Соны ойн баяртай холбоотойгоор зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн нэг юм.