
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хөнгөлдөг.
Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс гэр хорооллын хоёр тарифт тоолууртай хэрэглэгчдийн 21:00-06:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээг хөнгөлж буй. Тэгвэл өнөөдрөөс /2025.04.01/ цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг зогсоож байгаагаа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ “УБЦТС” ТӨХК-иас мэдээллээ.
Эргэн сануулахад, 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон байсан юм.