
Хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн жолооч нарыг мөнгө завшдаг, цаг алдаг “хулгайчид” хэмээн цоллосон удаатай.
Тэрбээр “Автобусны жолооч 5-6 сая төгрөгийн цалин авч байна. Гэвч орлогыг бэлнээр авдаг, түүнийг хувьдаа завшдаг, эцсийн зогсоолд очиж ажлын цагийг цалгардуулдаг гээд зөрчил дутагдал олон гаргаж байна” хэмээгээд зорчигчдоос бэлэн мөнгө авч буй жолооч нарыг ажлаас нь халахыг авто баазуудын захирлуудад үүрэгдсэн байдаг.
-Бэлэн мөнгө авдаг жолоочоо халж чадах уу?-
Бид “Зорчигч тээвэр-2” ОНӨААТҮГ очиж, автобусны жолоочийн тамхи татсан, бэлэн мөнгө авсан, утсаар оролдсон, “цаг алсан” зөрчлийг хэрхэн илрүүлдэг вэ гэдгийг сурвалжиллаа.
Хяналтын оператор Б.Даваажаргал “Жолооч нарын хувцасны бүрэн бүтэн байдал, камерын өнцөг, суудлын бүс зүүсэн зүүгээгүйг бид хянадаг. Урд талынх нь камер жолоочийн утсаар ярьсан, тамхи татсан зөрчлийг автоматаар илрүүлээд, систем рүү дохиолол илгээдэг. Зөрчил гаргасан зургийг нь цаг, минуттай нь илгээдэг гэсэн үг. Гэсэн ч зарим жолооч автобусны камерын өнцгийг дураараа өөрчилчхөөд байдаг талтай. Ийм тохиолдолд мэдээж хариуцлага тооцдог” гэсэн юм.
“Зорчигч тээвэр-2” ОНӨААТҮГ-ын захирал Э.Энхтөрөөс “Дэмбээ” буюу бэлэн мөнгө авдаг жолооч нарын асуудлаар ярилцлаа.
-Хотын дарга автобус баазын захирлуудыг мөнгө бэлнээр аваад байгаа жолооч нараа ажлаас нь хал гэсэн. Танайд мөнгө бэлнээр авч байгаа жолооч байна уу. Та ажлаас нь халж чадах уу?
-Би томилогдож ирээд гурван сар болж байна. Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд дотоод хяналтаараа 33 зөрчил илрүүлээд байна. Тамхи татсан, осол аваар гаргасан гэх мэт гаргасан зөрчлүүдийн тоо гэсэн үг. Үүний 12 зөрчил нь бэлэн мөнгө авч байгаад баригдсан тохиолдол. Эдгээр жолоочид цалингийн арга хэмжээ авсан. Цаашдаа энэ жолоочид алдаа дутагдлаа дахин дахин гаргаж, дүрс бичлэгт үлдэх юм бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэж бодож байгаа.
Бид нарт бүх нотлох баримтууд цахим хэлбэрээр бий. Автобуснууд урд болон хойд талдаа бүх төрлийн камертай. Жолоочид хаана “цаг алж” байгаа вэ гэдэг нь минут секундээрээ бичигдэж байдаг л даа.
-”Цаг алдаг” жолооч нартаа хариуцлага тооцдог юм уу, ямар хариуцлага тооцдог вэ?
-Эхний ээлжид бол сануулна. Дараа нь цалингийн хувьдана. Тэгээд болохгүй бол ажлаас нь чөлөөлнө. Миний хувьд томилогдож ирээд, гурван сарын хугацаанд ажлаас нэг ч жолооч халаагүй. Бусдаар бол хууль биелүүлээд сайн ажиллаж байгаа жолооч нараа дэмжиж ажиллана. Сайн жолоочоо бол хамгаална.
Зарим нэг ийм хууль зөрчдөг жолооч нараас болж, нийт жолооч нарыг маань буруугаар битгий ойлгоосой. Иргэд маань ч гэсэн бас соёлтой байгаасай. Жолооч нартаа бэлэн мөнгө өгөлгүй, зориулалтынх нь хайрцагт хийж хэвшээсэй гэж хүсмээр байна.
-Автобусны жолооч яг хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?-
За, одоо хоёр дахь асуудал. Үнэхээр хотын даргын ярьсанчлан автобусны жолоочийн цалин 5-6 сая төгрөг үү? Үүнд “Зорчигч тээвэр-2” ОНӨААТҮГ-ын захирал Э.Энхтөр хариулт өгч байна.
Тэрбээр “2024.07 сард 3.5 сая хүртэлх цалинтай 95 жолооч, 3.5-5 саяын цалинтай 113 жолооч, 5-6.9 цалинтай 148 жолооч байжээ. Харин 2024.12 сард 3.5 сая хүртэлх цалинтай 131 жолооч, 3.5-5 саяын цалинтай 234 жолооч, 5-6.9 цалинтай 6 жолооч болсон байна.
Энэ оны нэг болон хоёрдугаар сард энэ тоо хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулъя.
3.5 сая хүртэлх цалинтай жолооч:
- 2025.01 сард 107
- 2025.02 сард 244
3.5-5 саяын цалинтай жолооч:
- 2025.01 сард 244
- 2025.02 сард 268 байна. Энд дурдагдсан үндсэн цалингаас татвар, шимтгэлүүд нь хасагддаг гэсэн үг”
-Цалин харилцан адилгүй байгаа нь юунаас хамаараад байгаа юм бэ. Ажилласан жил, туршлагаас хамаарч байна уу?
-Зарим жолооч яагаад 3.5 сая болон түүнээс доош цалин авч байна вэ гэхээр осол гаргасан, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй, явсан цаг нь бага гэдэг ч юм уу олон шалтгаантай.
-Тэр 100 саяын тэтгэмж яг ямар хүмүүст нь олддог юм бэ?
-Манай бааз дотроо Үйлдвэрчний эвлэлтэй. Түүгээр энэ тэтгэмжийн асуудлыг шийддэг. Ажилласан жилээсээ хамаараад харилцан адилгүй. Манай баазад 0.6-2 жил хүртэл ажиллаад, тэтгэвэрт гарч байгаа бол нэг сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно. 15-20 жил манайд ажиллаад тэтгэвэрт гарч байгаа хүнд 14 сарынх нь цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, 20-25 жил ажиллаад тэтгэвэрт гарч байгаа бол 18 сарынх нь цалинг тэтгэмж болгож олгоно. Олон жил ажилласан байх тусмаа л авах тэтгэмж нь өндөр байна гэсэн үг.
-Энэ тэтгэмж зөвхөн жолоочид хамаарах уу, эсвэл…?
-Захиргааны ажилчид, цэвэрлэгч, үйлчлэгч, жолооч гээд даргаас бусад бүх ажилчдад маань энэ журам үйлчилдэг. Энэ жилийн тухайд манай баазад ажилладаг 15 хүн тэтгэвэрт гарах гэж байгаа. Энэ хүмүүс маань тэтгэмжээ ч авна, тэтгэврээ ч авна гэсэн үг.
-Цалин өндөр гээд хүн бүхний зүглэх газар болжээ-
Автобусны жолоочийн цалинг нэмснээс хойш жолоочоор ажиллах хүсэлтэй олон олон залуус анкетаа ирүүлэх болжээ. Энэ талаар “Зорчигч тээвэр-2” ОНӨААТҮГ-ын захирал Э.Энхтөр ийн ярилаа.
Тэрбээр “Жилийн өмнө жолооч олдохгүй хүндрэлтэй байсан. Харин одоо бол манай баазад жолоочоор ажилд орох хүсэлтэй 200 гаруй өргөдөл ирсэн байна. Над руу яриулахгүй хүн гэж алга. Бүх төрлийн одоо дарга цэргээр яриулж байна, жолоочоор оруулаад өгөөч гээд. Манай бааз чинь 64 жолоочийн илүүдэлтэй байгаа. Тийм байхад хүн нэмж авах юм бол жолооч нарын маань ажилд гарах цаг нь багасна. Үүнийг дагаад цалин нь багасах тул хүн нэмж авч чадахгүй байгаа” гэлээ.
-Жолооч ажилд авахдаа юуг нь чухалчилдаг вэ?
-Хамгийн чухалчилж авч үздэг юм бол ямарваа нэгэн байдлаар эмчийн ч юм уу хяналтад байдаггүй, сэтгэцийн ямар нэгэн асуудалгүй байх. Нэг кэйс дурдахад шар хадны сэтгэцийн тасгийн хяналтад байдаг хүн тэрийгээ нуугаад жолоочоор ажилд орчихсон хүн байсан. Өндөр цалин өгч байгаа гэдгийг нь чухалчлаад өөрийнхөө биед ингэж хайхрамжгүй хандаж ажилд орж болохгүй. Автобусны жолооч гэдэг чинь асар олон хүнийг тээвэрлэж явах хүн шүү дээ.