
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын сүүлийг Монголын баг тамирчид амжилт, ялалтаар өндөрлүүлэв. Ингэж тодорхойлсны учир нь гуравдугаар асрын 29-30-ны өдрүүдэд Монгол Улсын спортын салбарын баг тамирчид хилийн чанадад даацтай, томоохон тэмцээн уралдаанд оролцож, амжилтаа буухиаллаа.
Сурагчдын шатрын ДАШТ-ээс Монгол охид хосоороо алтан медаль хүртлээ
Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсад болж өндөрлөлөө. Тус тэмцээнээс Монголын өсвөрийн шатарчид хоёр алтан медаль, нэг мөнгө, нэг хүрэл нийт дөрвөн медаль хүртсэн амжилттай өнөөдөр эх орондоо ирж байна.

Медаль хүртсэн шатарчдын нэрс болон амжилтыг танилцуулъя:
- Охидын 17 насны ангилалд ОУШХ-ны Дэд Мастер буюу WCM цолтой Б.Буянхишиг илт давамгай өрсөлдөгч нараа илүүрхсээр, түрүүлэн Дэлхийн хошой аварга болов. Тэрбээр 13 настай хэдий ч ДАШТ-ий 17 насны ангилалд дөрвөн насаар дээш өгсөж оюун ухаанаа сорьжээ.
- Охидын 11 насны ангилалд ОУШХ-ны Дэд Мастер буюу WCM цолтой Ч.Нандинжигүүр Дэлхийн аварга болсон.
- Охидын 9 насны ангилалд Ш.Уранзаяа Мөнгөн медаль хүртлээ. Тэрээр анх удаа Олон улсын тэмцээн тэр дундаа Сурагчдын шатрын ДАШТ-ээс анхны тодотголтой медалиа зүүсэн нь энэ ажээ.
- Охидын 11 насны ангилалд Д.Мөнх-Аялгуу Хүрэл медаль хүртжээ.


Бөхийн чөлөөт барилдааны баг тивийн аваргаас 10 медаль хүртсэнээр
тэмцээнд дөрөвдүгээр байр эзлэв
Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг тамирчид тус тэмцээнээс гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн.


Хөнгөн атлетикийн мастерууд Америк тивд шуугиулав
МУГТ Ц.Раднаа АНУ-ын Калифорни мужийн Флорида хотод болсон мастеруудын ДАШТ-ээс 5 алтан медаль хүртэхийн зэрэгцээ рекорд амжилтаа хоёр зай төрөлд шинэчлэн тогтоожээ.


Мөн МУГТ Т.Цэрэндолгор мастеруудын тус тэмцээнээс 15 дахь алтан медалиа хүртлээ. Тэрээр Мастеруудын ДАШТ-ий шидэлтийн төрөлд 5 алтан медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
“Цахилгаан” хэмээх Монгол Улсын Харцага Б.Зоригтбаатар
бүх өрсөлдөгчөө өвдөг шороодуулав


Монгол Бөхийн Өргөөнд “Best Buzzer” сугалаат барилдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж, чансаа өндөр 64 бөх зодоглов. Тус барилдаанд Монгол Улсын Аварга О.Хангай тэргүүтэй бөхчүүд барилдан, даваа бүртээ өрсөлдөгчөө оноолтоор бус баззераар сонгосон нь онцлог байлаа. Ингээд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай үзүүрлэв.
Их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Д.Алтанцоож нар тус тус үлдсэн.


Хөнгөн атлетикийн ОУХМ Галбадрахын Хишигсайхан амжилтаа буухиалсаар байна
Гуравдугаар сарын 30-ны өдөр болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Г.Хишигсайхан 2:28:55 амжилтаар хүрэл медаль хүртлээ.


Харин Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:15:12 амжилтаар 6-р байрт оржээ.
ОУХМ Г.Хишигсайханы дасгалжуулагчаар О.Оюунтуяа ажиллаж байгаа билээ.
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ ДАШТ 2025 оны зургаадугаар сард Улаанбаатар хотноо болно


Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийнхан Сингапурт болсон 2025 оны Ази тивийн АШТ-д өрсөлдөв. Эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд Филиппинтэй, эрэгтэй баг Австралитай өрсөлдөж, бэлтгэл сургуулилтаа сорив.
Гэсэн хэдий ч энэ удаад тэд хожигдол хүлээснээр Ази тивийн АШТ-ийг өндөрлүүлэв. Эрэгтэй, эмэгтэй багийн хувьд мөн дасгалжуулагчийн баг бүрэлдэхүүн ч шинэчлэгдсэн хувилбартай Сингапурыг зорин очсон юм.


Дараагийн тэмцээн буюу 2025 оны ДАШТ зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Тус тэмцээнд Фиба чансаагаараа эхний 20-д бичигддэг шилдэг багууд өрсөлдөнө.
Шатрын түргэн тоглолтын цуврал гран прид Монгол охин мөнгө, хүрэл медаль зүүв


ОХУ-ын Буриад, Улан-Үд хотод гуравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд “Сагаалха-2025” шатрын тэмцээн болж өндөрлөв. Тус рапид цуврал гранпри тэмцээнд “Стейниц” Монол шатрын академийн тамирчин З.Нарансолонго шилдэг эмэгтэй шатарчдын ангилалд 3-р байр, 19 хүртэлх эмэгтэй шатарчдын төрөлд 2-р байрыг тус тус эзэлж мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаажээ.