
Мьянмарт өнгөрсөн баасан гарагт болсон 7.7 магнитудын газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо 1644-д хүрч, 3408 хүн бэртжээ. Мьянмарын эрх баригчдын мэдээлсэнээр газар хөдлөлтийн улмаас багадаа 139 хүн сураггүй алга болоод байгаа аж.
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн алба Янгон/Нейпьидо/Мандалай авто замд газар хөдлөлтийн уршгаар гарсан эвдрэл гэмтэл нь газар хөдлөлтөнд өртсөн бүс нутгууд руу хүрэхэд хүндрэл хүндрэл учруулж байгааг онцолжээ.
Мьянмарын Баго, Мандалай, Нейпьидо, Сигаин, Шан зэрэг 6 мужид онц байдал зарлаж, Мьянмарын эрх баригчид олон улсаас тусламж дэмжлэг хүсээд байна. Газар хөдлөлтийн улмаас Мандалай хотын олон улсын нисэх онгоцны буудал, Мандалай хот болон хотын ойролцоо байрлах авто зам, гүүр, их дээд сургуулийн байрууд, зочид буудлууд, түүхэн дурсгалт газрууд, сүм хийдүүдэд ноцтой эвдрэл гэмтэл гарчээ.
- People stand past the debris of a collapsed building in Mandalay on March 28, 2025, after an earthquake. A powerful earthquake killed more than 20 people across Myanmar and Thailand on March 28, toppling buildings and bridges and trapping over 80 workers in an under-construction skyscraper in Bangkok. (Photo by AFP)
Гамшгийн улмаас гэр оронгүй болсон мөн дахин газар хөдлөлт болохоос айсан олон мянган иргэд гадаа гудамж талбайд хоноглож байна. Харилцаа холбоо, цахилгаан эрчим хүчний шугамууд тасарсаны улмаас үүрэн холбоо, интернетийн сүлжээ доголдож, цэвэр усны хангамж тасалджээ.
Эмнэлгүүд болон эрүүл мэндийн байгууллагуудын байшин барилга мөн л газар хөдлөлтөнд өртөж, эмнэлгүүд гэмтлийн үед хэрэглэх эм тариа, цус, цусан бүтээгдэхүүн, мэдээгүйжүүлэлтийн эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийн дутагдалд оржээ.
Хөрш Тайланд улсын нийслэл Бангкок хотод газар хөдлөлтийн улмаас нурсан барилгын нурангин доороос аврагчид 10 гаруй хүний цогцсыг гаргаж аваад байна.