
Япон улс Бээжин Тайванийн хооронд цэргийн мөргөлдөөн гарч, бүс нутагт хурцадмал байдал үүссэн тохиолдолд Тайваньтай ойр байрлах арлууд дээрх 100 мянга гаруй иргэдээ нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулжээ.
Төлөвлөгөөний дагуу Японы баруун өмнөд зүгийн Сакишимагийн арлууд дээрх 110 мянган оршин суугч, 10 мянган жуулчдыг усан онгоц болон нисэх онгоцны тусламжтай нүүлгэн шилжүүлж эхлэх ба иргэдийг 6 хоногийн дотор баруун өмнөд болон баруун зүгийн 8 мужид тараан байршуулах аж.
Эхний ээлжинд иргэдийг Японы 4 том арлыг нэг болох Кюшү арал руу хүргэх ба тэндээсээ өөр бусад байршлууд руу илгээх аж.
Токио иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулилтыг ирэх оны 4-р сараас Окинава мужийн Сакишимагийн арлууд дээр явуулж эхлэхээр төлөвлөжээ.
Бээжин Хятадын нэг хэсэгт тооцдог Тайвань руу довтолж болзошгүй нөхцөл байдлаас болж Токио Тайваньтай ойр байрлах арлуудынхаа аюулгүй байдлыг хангах, хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай болоод байгаа билээ.
Сүүлийн жилүүдэд Бээжин Тайванийн арлын ойролцоо явуулах цэргийн бэлтгэл сургуулилтынхаа тоог нэмэгдүүлээд байгаа ба үүн дээр ОХУ Украин руу довтолсон явдал, АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп дотоодын аюулгүй байдлыг тэргүүнд тавина гэж мэдэгдсэн зэрэг нь Вашингтон шаардлагатай үед Тайвань, цаашлаад Япон улсыг хамгаалах эсэхэд эргэлзэхэд хүргээд байгаа билээ.
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Токио Тайваниас 100 км зайд байрлах Ёонагүни арал дээр газраас цохилт үзүүлэх пуужингийн систем байршуулж, 2 долоо хоногийн хоол хүнс, цэвэр усны нөөц бүхий газар доорх орогнох байр барихаар төлөвлөжээ.
Эх сурвалж: www.theguardian.com/