
УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон. Тэрбээр Засгийн газрын 2024 онд хийж бүтээсэн ажлын үр дүнгээ танилцуулсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, З.Мэндсайхан нар хамтран давхардсан чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын албан тушаалтнуудын цэгцлэх асуудлыг хөндөж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулт тавьжээ. Үүний дагуу:
Давхардсан чиг үүрэгтэй албан тушаалтнуудыг цэгцлэх чиглэлд асуулт хүргүүллээ.
Асуулт тавих тухай
“Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13 дахь заалтад “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж, хариуг хуульд заасан хугацаанд авах” гэж Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хуульчилсан, түүнчлэн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтад Улсын Их Хурлын хянан шалгах ажил нь Засгийн газрын хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах үйл ажиллагааг асуулт тавих байдлаар хэрэгжүүлж болно гэж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнд тодорхой бодлогын асуудал, түүний санхүүжилт, төрийн санхүү, төрийн нийтийн өмч, хүний эрх, эрх чөлөө хангагдаж байгаа эсэх асуудал болон Улсын Их Хурал бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлж байгаатай холбоотой мэдээлэл авахаар тухайн байгууллагын даргад бичгээр хандсаныг “асуулт” гэнэ.” гэж тус тус заасны дагуу доор дурдсан асуудлаар мэдээлэл авах зорилгоор Танд хандаж байна.
- Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны тайланд дурдсанаар улсын хэмжээнд 4,271 төрийн байгууллагад нийт 228,820 төрийн албан хаагч ажиллаж байна гэсэн тоон мэдээлэл байгаа бөгөөд 2025 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд хэдэн төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа, тэдгээрт ажиллаж буй төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн эсэх талаарх мэдээлэл;
- Салбар дундын үйл ажиллагааг зохицуулах, дэмжлэг үзүүлэх, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар чиг үүргийг нь тодорхойлж, зарим зөвлөл, хороо, төв, комисс зэрэг байгууллагыг Монгол Улсын Засгийн газар, эсхүл тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулж болдог. Гэтэл хуулиар чиг үүргийг нь тодорхойлоогүй, Засгийн газрын гишүүн, яам, агентлагийн чиг үүрэгтэй давхардсан зөвлөл, төв, хороо, комисс зэрэг нэршилтэй байгууллагуудыг байгуулах явдал хавтгайрлаа. Түүнчлэн тэдгээр байгууллагын албан хаагчид төрийн албаны аль ангилалд хамаарах болон албан тушаалын ангилал, зэрэглэл нь тодорхой бус, төрийн албаны болон бусад сонгон шалгаруулалтаар томилогддог эсэх эргэлзээтэй, цалин хөлсний хэмжээ нь бусад төрийн албан хаагчдаас эрс өндөр ялгамжтай бөгөөд өндөр түрээс төлж оффисууд түрээсэлдэг гэх мэдээллүүд гарч байна.
- Иймд хуулиар чиг үүргийг нь тодорхойлоогүй болон Засгийн газрын гишүүн, яам, агентлагийн чиг үүрэгтэй давхардсан зөвлөл, төв, хороо, комисс зэрэг нэршилтэй хэдэн байгууллага байгаа, тэдгээрт хэдэн албан хаагч ажиллаж байгаа, бүтэц, орон тоо, зохион байгуулалтын чиг үүргийг баталсан шийдвэрүүд, төрийн албаны шалгалт, сонгон шалгаруулалтаар томилогдсон эсэх, тэдгээр байгууллагад олгосон төсвийн хөрөнгө, зарцуулалт, тэр дундаа цалин хөлс болон бусад үйл ажиллагааны зардлын хэмжээний талаарх мэдээлэл;Иймд төрийн өмчит компани, банк, улсын үйлдвэрийн газарт “бүтээмжийн менежер”, “хяналтын менежер” гэх нэршил бүхий хэдэн албан тушаалыг бий болгосон, хэдэн хүн томилогдсон, томилсон этгээдийн шийдвэр, тэдгээрийн цалин хөлс, бусад хангамж, сонгон шалгаруулалтаар томилогдсон эсэх, шалгаруулалтаар томилогдсон бол холбогдох мэдээллийг бичгээр ирүүлэхийг хүсэж, асуулт тавьж байна.
- Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн болон орон нутгийн өмчийн их сургууль, төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно.” гэж, мөн зүйлийн 5.4 дэх хэсэгт “Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно.” гэж заасан хэдий ч төрийн өмчит компани, банк, улсын үйлдвэрийн газарт “бүтээмжийн менежер”, “хяналтын менежер” гэх нэршил бүхий дэд, орлогч дарга /захирал/-ын статустай албан тушаалыг бий болгож, томилон ажиллуулж байгаа талаар иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж байна” гэв.


