
ФИБА 3х3 Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу /2025.03.30/-ний өдөр эхэлнэ. Монгол улсын эрэгтэй, эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ бүтэн багаараа Сингапурыг зориод байгаа. Бид тэднийг хилийн дээс алхахын өмнөхөн амжиж, багийн ахлах дасгалжуулагч Стив Сиртэй цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Шигшээ багийн бэлтгэл сургуулилт бүрэн хангагдсан уу?
-Азийн цомд бэлдэж байна. 3х3 хувьд чухал улирал эхэлж байна.
Манай эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн баг Азийн цомын тэмцээнээр өнгөрсөн жил Монголд тоглоод хүрэл медаль авч байсан. Бидний хувьд энэ нь анхных байсан.
Одоо бид нар өнгөрсөн жилийнхээ амжилтыг ахиулахыг зорьж байна. Манай эрэгтэй болон эмэгтэй багийн бэлтгэл сайн байгаа учраас тэд сайн тоглож, хүчтэй өрсөлдөгчид болж чадна гэж итгэж байна. Тэд Монгол улсаа төлөөлж байгаадаа бахархаж байгаа нь гарцаагүй юм.
-Энэ жил 3х3 шигшээ багийн хувьд ДАШТ хүлээж байгаа. Энэ талаар?
-Энэ улирлаа тэд ирэх 6-р сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орно гэсэн зорилготойгоор эхлүүлж байна. 3х3 хувьд чухал улирал бөгөөд энэ амралтын өдрүүдээр Азийн цомын тэмцээнээр эхэлж байна.
Хоёр жилийн өмнө Австралийн багтай хийсэн тоглолт, өнгөрсөн жил өсвөрийн баг хүрэл медаль авсан явдал гээд монголын эрэгтэй баг жил бүр маш сайн өрсөлдөгч гэдгээ харуулсаар байгаа билээ. Энэ талаар ч бид ярилцсан. Энэ удаагийн тэмцээн мөн адил амаргүй байх болно.
Гэхдээ бид өөрсдийгөө дахин баталж, бүхий л ур чадвар, чадвар чансаагаа шавхсанаар үр дүн нь сайн байх болно гэдэгт итгэлтэй байна. Бид юуг хянаж чадах, юу хийж чадах, хэрхэн бэлдсэн зэрэг дээрээ төвлөрч, зөв хандлагатайгаар тэмцээнээ эхлүүлэх нь чухал юм. Монгол бол миний хувьд маш онцгой газар юм. Энд сүүлийн 3 жил Улаанбаатар багт тоглож, дасгалжуулагчаар ажиллаж байна. Дасгалжуулагчаар ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд тоглогчид маань гайхалтай хүмүүс, маш шаргуу ажилладаг, хамт ажиллахад таатай байдаг. Удирдлагууд маань биднийг маш сайн дэмждэг, монголчууд сагсан бөмбөгийн спортод хайртай нь их урам зориг өгдөг.
-Таны хувьд өмнө нь Монгол Улсын 3х3 шигшээ багийн тамирчин байсан. Багтайгаа тамирчны хувиар олон ч амжилтыг үзүүлсэн. Харин одоо дасгалжуулагчаар томилогдоод багийнхнаа өнгийг хэрхэн харж байна вэ?
-Манай эрэгтэй болон эмэгтэй баг энэ спортдоо манлайлж, залууст эв нэгдэлтэй байж, бэлтгэлээ сайн хангаж, төвлөрч, зорилготой байж чадвал Монгол улс сагсан бөмбөгийн талбайд ямар амжилтанд хүрч болохыг харуулсаар байна.
Монголын багийг дасгалжуулж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Монголын баг тамирчид, сагсан бөмбөгийн холбоо,
багийн удирдлагуудаас үзүүлж буй дэмжлэг зэргээр маш их бахархаж байна.
Ярилцсанд баярлалаа.

Шигшээ багуудын тоглолтын хуваарийг танилцуулъя:
Эмэгтэй шигшээ багийн тоглолт
- Монгол-Тайвань 14:55 цагт
- Монгол-Тайланд 19:45 цагт
Эрэгтэй шигшээ багийн тоглолт
- Монгол-Сингапур 18:55 цагт
- Монгол-Хонгконг 20:35 цагт
Монгол улсын шигшээ баг өмнөх “FIBA3x3 Asia Cup” тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтуудыг танилцуулъя:
Эрэгтэй шигшээ баг:
2017, 2023 онд алтан медаль
2018, 2019 онд мөнгөн медаль
2024 онд хүрэл медаль зүүж байлаа.
Эмэгтэй шигшээ багийн амжилт:
2013 онд мөнгөн медаль
2024 онд хүрэл медаль тус тус хүртсэн.