
Түүний хувьд сүүлийн таван жил Япон улсад ажиллаж амьдраад дөрвөн сарын өмнө эх орондоо иржээ. Тэрбээр “Амьдралын шаардлагаар жүжигчний мэргэжлээсээ хэсэг хугацаанд хөндийрсөн хэдий ч уран бүтээлүүд дээр ажиллах хүсэл, урам зориг их байна” хэмээн ярьсан юм.
-Ярилцах хүсэлтийг минь хүлээн авсанд баярлалаа. Нэг хэсэг эрчимтэй уран бүтээлүүдэд тоглож байгаад нам жим болсон шүү дээ. Энэ хугацаанд юу хийж байв?
-2019, 2020 онд коронавирус гарах үед гэх үү дээ гэр бүлээрээ Японд очиж ажиллаж, амьдрах боломж гарсан юм. Тэгээд л Японд дөрөв, таван жил ажиллаад одоо эх орондоо суурин ирээд байна.
-Япон улсад та ямар ажил хийж байв. Одоо ресторанд ажиллаж байхыг бодоход тогоочоор сурсан бололтой?
-Яг ч тийм биш л дээ. Олон ажил хийсэн гадаадад очоод Монголчууд маань ямар ажил хийдэг билээ тэр бүгдийг л. Жишээ нь эд зүйл ангилдаг үйлдвэрт ажиллалаа, мөн байшин барилга буулгах, барих гээд л ер нь эр хүний шандсыг сорьсон гэх юм уу тийм ажлуудыг эхний гурван жил хийсэн. Түүнээсээ их ч зүйлийг суралцлаа. Япончууд ажлыг яаж тийм сайн гүйцэтгэлтэй яс хийдэг юм, яаж хэнд ч төвөг удахгүй ажлаа сайн хийж амьдарч байна, хоорондоо хэрэхэн хамтарч байна гэх мэт зүйлсийг аль болох анзаарч суралцаж Монголдоо бас ингэж гоё амьдаръя гэсэн хүсэлтэйгээр ирсэн.

-Тийм ажлууд хийж байсан хүн яагаад гэнэт Сүшиний тогооч болъё гээд шийдчихэв?
-Тэр их гэнэтийн шийдвэр байсан л даа. Зуны амралтаараа Монголдоо ирчхээд найзуудтайгаа суугаад ойр зуурын юм ярьж байсан юм. Найзууд маань Япон хоолны ресторан Монголдоо байгуулах гэж байгаа гээд ярьдаг юм байна. Тэгснээ найз маань над руу харснаа чи ерөөсөө Сүшиний тогоочоор ажилла гэж байна. Тэр найз маань хүмүүсийн сайн мэдэх Харумафүжи аварга л даа. Тэгэхээр нь би “Үгүй ээ би ёстой хоол унднаас хол. Юун Сүшиний тогооч, Япон ресторан. Би ёстой худлаа шүү, ёстой чадахгүй” гээд тэгсэн чинь найз маань “Би ч гэсэн адилхан чадахгүй. Би ч гэсэн өөр салбарын хүн. Гэхдээ надад Японы хоолны соёлыг эх орондоо оруулах хүсэл байна. Үүн дээр хоёулаа нэгдэх ёстой. Яагаад гэвэл чи бид хоёр бие биедээ итгэдэг хүмүүс тийм болохоор чи чадна аа. Хоёулаа зургийн анги төгссөн юм чинь бас ч бусад хүмүүсийг бодоход гарандаа баримжаатай байгаа гээд ятгаж эхэлсэн л дээ. Эхлээд сонсоход бүтэшгүй санагдаж байсан зүйл нээрээ ч би чадах юм биш үү гэсэн бодлоор солигдож эхэлсэн. Тэгээд л сүүлийн нэг жил гаран Японд Сүшиний тогоочоор суралцаж дадлага хийгээд Монголдоо ирээд энэ “Цуна” ресторандаа ажиллаж байна.
-Монголдоо ирээд дөрвөн сар болсон гэсэн шүү дээ. Таныг тогооч болсныг мэдээд найз нөхөд, таньж мэддэг хүмүүс нь хэрхэн хүлээж авч байна?
-“Ээ чи одоо урлагаараа яв аа. Юун сүши” гэж хэлж байгаа хүн байна. “Болж байна. Миний хөгшин ёстой гоё харагдаж байна” гэж хэлж байгаа найз нөхөд ч байна. Надад бол маш сонирхолтой санагдаж байгаа. Сүши хийж сураад энэдээ ажиллаж байгаадаа маш сэтгэл хангалуун байгаа. Яагаад би жүжигчин гэхээрээ л насан туршдаа ганцхан жүжигчний ажлаа хийгээд явах ёстой гэж. Одоо би ахиад ч өөр зүйл хийнэ гэсэн бодолтой байгаа.Ер нь хүн аль болох маш гоё баялаг амьдрах ёстой юм байна гэсэн бодолтой болсон.


-Та хэчнээн кинонд туслах болон гол дүрд тоглосон байдаг вэ? Тоолж үзэж байв уу?
-Тоололгүй яахав. Би бүр жагсаагаад бичдэг юм. Оюутан цагаасаа л кинонд тоглож эхэлсэн нийт 40-өөд уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон байдаг юм. Өнгөрсөн намар найзынхаа уран бүтээлийн саналыг хүлээж аваад уран бүтээлд орсон байгаа. Удахгүй нээлтээ хийх юм билээ. Одоо мөн нэг уран бүтээлд оролцоод явж байна. Би чөлөөт уран бүтээлч киноны санал ар араасаа зогсоо зайгүй ирээд байхгүй учир ресторандаа ажлаад, уран бүтээлд орж байгаа үедээ хэсэг ресторанаасаа чөлөө авах байдлаар ажлуудаа зохицуулаад явж байна.
-Та уран бүтээлээсээ багагүй хугацаанд хөндийрсөн шүү дээ. Эргээд мэргэжлээрээ ажиллах ямар байна вэ?
-Кино л байвал тоглочихмоор санагдаад, уран бүтээл дээр ажиллана гэхээс л байж ядаад байгаа. Саначихдаг юм байна мэргэжлээ. Эх орондоо ирээд эхнээсээ уран бүтээлдээ ороод үнэхээр сайхан байна.
-Танд одоо шунаж буй ямар дүр байна вэ? Жүжигчин бүрд л ийм дүр бүтээх юм сан, тийм дүрд тоглом юм сан гэсэн хүсэл үргэлж дотор нь байдаг санагддаг юм?
– Би инээдмийн кинонд тоглож байгаагүй. Тиймээс инээдмийн кинонд тоглож үзмээр бас чадах юм шиг санагдаж байгаа.Бас нэг сайхан аавын дүрд тоглох юмсан гэсэн бодол байна. Ингээд л цаашаа хөвөрнө шүү дээ. Өөрийгөө олон төрлөөр л сорьж үзмээр санагдаж байна.


-Аавын дүр гэснээс аав нь мөн жүжигчин хүн шүү дээ. Уухааны Батбаатар гэж мундаг жүжигчин. Аавтайгаа хамт кинонд тоглож байв уу?
–Аавтайгаа хамт тоглосон кинонууд олон байгаа. Аав хүү хоёр болж тоглоно. Аавынхаа залуу насанд нь бас тоглочихдог. Оюутан цагаасаа л аавтайгаа хамт уран бүтээлд явж эхэлсэн.


-Жүжигчний мэргэжил, Сүши хийх хоёрт ямар нэгэн төстэй зүйл бий юу?
-Энэ ажиллаж байгаа орчин маань надад төстэй санагддаг гэх юм уу. Хүмүүсийн нүдэн дээр хүмүүст харагдангаа Сүши хийж байгаа нь миний хувьд жижиг тайз шиг байгаа юм. Урлагийн хүний нэг өвчин гэдэг юм уу, мэдрэмж байгаад байгаа байхгүй юу. Текний ард гарч ирээд зогсоход энд олон хүн суучихсан байх тусам л надад гоё. Намайг харж байгаа шүү гэж бодохоор улам л гоё хиймээр санагдаад, огшоод ч байгаа юм тийм гоё мэдрэмж байдаг.

