
ҮҮ, УРГАЦАГААС АВХУУЛААД АМ ЗАЛГИУР, ШУЛУУН ГЭДЭСНИЙ ХАВДАР ҮҮСГЭГЧ ПАПИЛЛОМА ВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?
Хүний папиллома вирус (HPV – Human Papillomavirus) нь арьс, салст бүрхэвчийг гэмтээдэг вирусийн бүлэг юм. Одоогоор 200 гаруй төрлийн Папиллома вирус бий. Ихэнх нь хоргүй ургацаг (үү, цэцэг) үүсгэдэг бол зарим нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг.
HPV-ийн төрөл:
- Бага эрсдэлтэй – Голдуу арьс, бэлэг эрхтэн, амны хөндийд үү, ургацаг үүсгэдэг. (Жишээ нь: HPV 6, 11 гэх мэт)
- Өндөр эрсдэлтэй – Умайн хүзүү, ам залгиур, шулуун гэдэс, бэлэг эрхтний хавдар үүсгэх магадлалтай. (Жишээ нь: HPV 16, 18 гэх мэт)
Дамжих зам:
-Бэлгийн харьцаагаар (хамгийн түгээмэл)
-Арьс, салст бүрхэвчийн шууд хүрэлцээ (арьсанд жижиг шарх, зулгаралт байхад халдварлаж болно)
-Эхээс урагт (төрөх замаар)
ЭМЭГТЭЙЧҮҮД ТӨДИЙГҮЙ ЭРЭГТЭЙЧҮҮДЭД Ч ХАВДАР ҮҮСГЭДЭГ
Эрэгтэйчүүдийн хувьд папиллома вирусийн халдвар нь ихэнхдээ шинж тэмдэггүй өнгөрдөг ч зарим ноцтой өвчлөлүүдийн шалтгаан болдог.
- Бэлгийн үү (Genital Warts)
HPV-ийн 6, 11-р төрлүүд эрэгтэйчүүдэд бэлэг эрхтэн, шулуун гэдэс, анусны ойролцоо үү үүсгэдэг. Үү нь өвдөлтгүй боловч томорч, хорсож загатнах шинж тэмдэг илэрдэг. Удаан хугацаанд арилдаггүй бөгөөд зарим тохиолдолд мэс заслын аргаар авах шаардлагатай болдог.
- Хавдрын өвчлөлүүд
HPV-ийн өндөр эрсдэлтэй төрлүүд (16, 18 гэх мэт) эрэгтэйчүүдэд дараах хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг:
-Амны хөндий, залгиур, хоолойн хавдар HPV нь амны хөндий, залгиурын салстад халдварлаж, хорт хавдар үүсгэх магадлалтай.
-Шулуун гэдэсний хавдар
-Бэлэг эрхтний хавдар харьцангуй ховор боловч бэлгийн ариун цэвэр муу, дархлаа султай эрчүүд илүү өртдөг.
HPV вирусийг эрэгтэйчүүд зөвхөн дамжуулахаас гадна өөрсдөө ч хүндээр өвдөх эрсдэлтэй. Иймд зөвхөн эмэгтэйчүүд биш, эрэгтэйчүүд ч вакцин хийлгэж, урьдчилан сэргийлэх нь маш чухал.
МОНГОЛ УЛС УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААР 185 ОРНООС 53-Т ЖАГСАЖ БАЙНА
Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр Монгол улс дэлхийд 53-т Азидаа эхний 5-т жагсаж байна. Уг жагсаалт нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.
Урьдчилан сэргийлэх арга:
-HPV-ийн эсрэг вакцин (9-14 насанд хийлгэвэл хамгийн үр дүнтэй)
-Бэлгэвч хэрэглэх (халдвар дамжих эрсдэлийг бууруулна)
-Жил бүрийн эмчийн үзлэг
-Хувийн ариун цэврийг сахих
Ихэнх HPV халдвар нь дархлааны системийн тусламжтайгаар 1-2 жилийн дотор аяндаа эдгэрдэг. Гэхдээ өндөр эрсдэлтэй төрлүүд нь удаан хугацаанд биед үлдэж, хорт хавдрын эрсдэл үүсгэдэг.
HPV-ийн эсрэг вакцинжуулалтыг өргөн хүрээнд нэвтрүүлсэн улсуудад вакцинжуулалтын дараа умайн хүзүүний хавдар, бэлгийн үү (genital warts) зэрэг өвчлөлүүд мэдэгдэхүйц буурсан байна.
- Австрали
2007 оноос 9-26 насны эмэгтэйчүүдийг вакцинжуулж эхэлсэн. 10 жилийн дараа (2017) умайн хүзүүний хавдрын өмнөх өвчлөлийн тархалт 50%-иар буурсан. 2028 он гэхэд Австрали улс умайн хүзүүний хавдрыг устгасан анхны улс болно гэж тооцоолж байгаа аж.
- Швед
2006 онд вакцинжуулалт эхэлж, 10-12 насны охидыг хамруулсан. 2020 оны судалгаагаар вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдрын тохиолдол 88%-иар буурсан.
- Их Британи
2008 онд үндэсний хэмжээний вакцинжуулалт эхэлсэн. 2019 онд хийсэн судалгаагаар 15-24 насны эмэгтэйчүүдийн дунд HPV 16, 18 төрлийн халдвар 86%-иар буурсан. 2021 оноос хөвгүүдийг ч мөн вакцинжуулж эхэлсэн.
УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДАРТАЙ ЭМЭГТЭЙГ НӨХӨР НЬ ХАЯЖ ЯВАХ ТОХИОЛДОЛ ӨӨР ТӨРЛИЙН ХАВДАРТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙНХЭЭС ӨНДӨР БАЙДАГ
Зарим эрчүүд HPV вирусийг “зөвхөн садар самуун амьдралаас үүдэлтэй” гэж буруугаар ойлгодог. Гэтэл үнэндээ HPV нь бэлгийн идэвхтэй хүн бүрийн 80%-д тохиолддог түгээмэл халдвар бөгөөд “цэвэр ариун байдалтай” холбоогүй. Эсрэгээрээ вирусийг нөхрөөсөө авсан байх тохиолдол элбэг байдаг байна.
Ходоод, элэгний хавдар ихэвчлэн амьдралын хэв маяг, хооллолттой холбоотой байдаг тул нийгэм үүнийг “хувь тавилан” гэж хүлээж авдаг. Харин умайн хүзүүний хавдрыг “эмэгтэй хүний л асуудал” мэтээр хардаг.
Умайн хүзүүний хавдартай эмэгтэйчүүд мэс засал, химийн эмчилгээ хийлгэсний дараа бэлгийн амьдралын өөрчлөлттэй болдог. Энэ нь зарим хосын харилцаанд сөргөөр нөлөөлдөг байна.