
Монголбанкны эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөц өнөөдрийн байдлаар 4744 сая ам.долларт хүрч өнгөрсөн 7 хоногоос 7%-иар өслөө.
Өчигдөрхөн 1 ам.долларын ханш 3506 төгрөгт хүрч, эрэлтээс шалтгаалсан үнийн өсөлт үүсэх эрсдэлтэй байсныг шуурхай арга хэмжээ авч өнөөдрийн байдлаар ам.долларын ханшийг 3483 төгрөгт хүргэн бууруулсан байна. Өнөөдрийн Монголбанкны ам.долларын зарласан ханш ийм байлаа.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд шийдвэрүүдийг гаргалаа.
Нэгдүгээрт, Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Алт-3 аян”-ы хүрээнд олон улсын зах зээлээс урьдчилгаа санхүүжилт татах
Хоёрдугаарт, Монголын банк, санхүүгийн байгууллагуудын гадаад зах зээлд байршуулсан нөөцийг дотоод эдийн засагт татаж байршуулан эдийн засгийн эргэлтэд оруулах буюу Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах
Гуравдугаарт, Хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшиж байгаа Засгийн газрын гадаад бондыг үнийн хэлбэлзэл үүсгэхгүйгээр арилжаалж, чөлөөлөгдөх гадаад валютын нөөцийг дотоод зах зээлд оруулж ирэх зөвлөмж гарган хүргүүлжээ.
Нүүрсний үнэ буугаад, экспорт саарсан үед макро эдийн засагт цохилт ирэх хамгийн эмзэг суваг маань валютын нөөцийн хэмжээ
Сангийн сайд Б.Жавхлан
“Засгийн газрын гаргасан өмнөх бондуудыг дотоодын санхүүгийн институцүүд багагүй хэмжээгээр эзэмшдэг болчихсон. Хадгаламжийн даатгалын корпорац 230 сая доллар, Төрийн банк 50 сая доллар эзэмшиж байна. Эдгээрийг богино хугацаанд долларжуулж валютын нөөц дээрээ татаж оруулж ирэх ийм боломжууд байна. Эхлээд бид нар валютынхаа нөөцийг хамгаалах нь нэн тэргүүний том зорилт. Яагаад гэвэл гол түүхий эд нүүрсний үнэ буугаад, экспорт саарсан үед макро эдийн засагт цохилт ирэх хамгийн эмзэг суваг маань валютын нөөцийн хэмжээ юм. Тийм учраас бид хамгийн эмзэг, хамгийн цохилт авч байгаа цэг дээрээ хариу арга хэмжээнүүдийг яаралтай авах хэрэгтэй”
Тэгвэл Монгол Улсын гол валютаа олдог түүхий эдийн экспортын бууралт үүний гол шалтгаан юм.
Засгийн газраас Сангийн сайдаар ахлуулсан “Нүүрсний экспортыг эрчимжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг” 7 хоногийн өмнө байгуулагдсан. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх Уул уурхайн бирж дээрх нүүрсний арилжаатай холбоотой журам гарган, экспортод үүсэж буй хүндрэлийг шийдэж байна.
Уул уурхайн биржийн арилжааний үнийг индексжүүлснээр үнэ унах эсвэл өсөхөд харилцан ашигтай байх боломж бүрдэнэ
Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн
“Нэгэнт нүүрсний үнэ одоо 40% уначихлаа. Энэ доод түвшинд уян хатан ажиллах ёстой юм байна гэдэг дүгнэлтийг гаргаад, худалдагч компаниудад үнэ буюу 120 ам.доллар гээд тогтсон үнийг хэрвээ зах зээлийн үнэ унах юм бол индексээр нь дамжуулаад энэ уналтыг нь тогтоодог, өсгөх юм бол дагаад өсдөг. Ирээдүйд нүүрсний үнэ өсвөл жишээлбэл энэ тогтмол үнээр явчих юм бол худалдагч талд ашиггүй болчихдог. Энэ индекс орж ирснээр унахад, өсөхөд аль аль харилцан ашигтай байхаар боломжийг нь олгож өгч байна”
1 тонн нүүрс 105 ам.доллар худалдаалж байсан сайхан үе ард хоцорч 42%-иар үнэ бууран 80-85 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Тиймээс уул уурхайн биржийн үнийг хатуу барих бус индексжүүлэх шийдвэрийг гарган өнгөрсөн 7 хоногоос эхлэн мөрдөж байна.
Гэтэл индексжүүлэх журмаас өмнө 1 тонн нүүрсийг 120-160 ам.доллар, 6 сар, 1 жилийн хугацаанд нүүрс худалдан авах гэрээ хийсэн хятадын компаниуд нүүрс үнэ буурч алдагдал хүлээх эрсдэлтэй болсон тул эдгээр худалдан авагчдад ч боломж олгох шаардлага үүссэн.
“Авчихсан байгаа гэрээгээ буцаагаад худалдах боломжийг нь гаргаж өгсөн. Яг хувьцаа шиг. За жоохон тайлбарлая. 500 мянган тонны гэрээ авчихлаа. 300 мянган тонн нүүрсийг хилээр гаргаад агуулах руугаа татчихлаа. Цаана нь 200 мянга тонн үлдэнгүүт энэ 160 дээр авсан үнэ доошоо уначихсан учраас 200 мянган тонноо авахаа болиод, буцаад зарах боломжийг нь олгож байгаа”
“Нүүрсний экспортыг эрчимжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг” өнгөрсөн 7 хоногт нүүрс экспортоор гарч байгаа 2 боомт буюу Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмодны боомтуудад ажиллаж, авто тээвэр болон сэлгэн ачилт хийж буй хувийн аж ахуй нэгжүүдтэй уулзан, тарифаа хямдруулах нөхцөл дээр тохиролцслн байна. Түүнчлэн төмөр замын тээврийн суурь зардлыг 50% бууруулах шийдвэр гаргасан.
Боомтууд дээрх нүүрсний экспортод оролцогч хувийн хэвшлүүдтэйгээ харилцан хэлэлцэж үнэ буулгах шийдэлд хүрсэн
“Боомтууд дээр ажиллаж байгаа ачиж буулгах терминалууд олон төрлийн тээврийн хэрэгслүүдийн зардлыг ашиг өндөртэй байх үеийн горимоос буулгаж, үнэ унасан учраас зардлыг хэмнэхийг хувийн хэвшлүүдтэйгээ харилцан хэлэлцэж үнэ буулгах энэ ажлуудыг хийж байна. Мөн боомтууд дээр бусад төмөр замтай холбоотой, төмөр замаар ачиж ирж байгаа терминалуудтай холбоотой үйл ажиллагаанууд дээр нэмэлтээр одоо терминал газруудыг байгуулах замаар зах зээлийн өрсөлдөөнийг бий болгож, тухайн хувийн хэвшлийн тогтоож байгаа тарифыг буулгахаар газар дээр нь очиж ажиллахдаа шийдвэрлэсэн”
6%-д барина гэж төсөөлсөн инфляц 2024 оны сүүлээс тасралтгүй өссөөр өнөөдөр улсын хэмжээнд 9,6%, Улаанбаатар хотод 10,3%-д хүрчилээ. Эдийн засгийн ирээдүй хүнд харагдаж байгаа тулд иргэн, аж ахуй нэгж дор бүрнээ хэрэглээгээ багасгаж, үрэлгэн зардлаа хэмнэх шаардлага үүссэн.
Харин орлого орж ирэх урсгал, гарцуудаа нэмэгдүүлж буй Засгийн газрын зарим нэг шийдвэрийн үр дүн эдийн засагтаа урт хугацаанд л гэрэл асаах төлөвтэй байгааг бүгд хүлээн зөвшөөрч байна.