
Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг “ФИБА 3х3” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Сингапур Улсыг өнөөдөр зорилоо.
Монгол улсын шигшээ баг өмнөх “FIBA3x3 Asia Cup” тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтуудыг танилцуулъя:
Эрэгтэй шигшээ баг:
2017, 2023 онд алтан медаль
2018, 2019 онд мөнгөн медаль
2024 онд хүрэл медаль зүүж байлаа.
Энэ удаагийн эрэгтэй шигшээ багийн хувьд шинэ бүрэлдэхүүнтэй оролцоно. Өмнөх 2023 оны Ази тивийн аваргын цом өргөж байсан багаас О.Энхбаатар, Д.Дэлгэрням нарын оронд Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нарыг багтаажээ. 3х3 сагсан бөмбөгийн тамирчин Ц.Отгонжаргалын хувьд мэргэжлийн “Улаанбаатар ММС Энержи” багт тоглож, олон улсад амжилтаараа танигдсан төдийгүй туршлагын хувьд сайн тамирчин. Харин Г.Дөлгөөний хувьд 3х3 сагсан бөмбөгийн өсвөр, залуучуудын шигшээ багт тоглож байлаа. Мөн үүнээс гадна хамгийн ойрын жишээ гэвэл Монгол Улсын шигшээ багт дуудагдаж 5х5 Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны “С” хэсгийн хоёр ч тоглолтонд амжилттай тоглож, өөрирйн ур чадвараа харуулаад авсан билээ.

Эмэгтэй шигшээ багийн амжилт:
2013 онд мөнгөн медаль
2024 онд хүрэл медаль тус тус хүртсэн.
Эмэгтэй багийн хувьд 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан Дэлхийн гран пригийн цуврал тэмцээнд түрүүлсэн багийн бүрэлдэхүүн хэвээрээ бий.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар канад мэргэжилтэн Стив Сир, туслах дасгалжуулагчаар Г.Цэнгүүнбаяр ажиллаж байна.
Сонирхуулахад, Стив Сир болон Г.Цэнгүүнбаяр нар хоёулаа Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчны бүрэлдэхүүнд өмнө нь багтаж, багтайгаа олон амжилт, ялалтыг үзүүлсэн билээ.


Бид өчигдөр буюу гуравдугаар сарын 26-ны өдөр 3х3 шигшээ багийн бэлтгэл дээр очиж, тамирчин О.Хулантай цөөн хором ярилцлаа.


Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн тамирчин О.Хулан: Багийнхантайгаа буцаж нэгдээд бэлтгэлээ хамтдаа хийсэн маш гоё байна
–Сайн байна уу? Багийнхантайгаа буцаж нэгдсэн сэтгэгдэл болон бэлтгэл хэр байна?
-Сайн байна уу. Багийнхантайгаа буцаж нийлээд бэлтгэлээ хамтдаа хийсэн чинь маш гоё байна. Тэгээд баг хамт олноо бүгдийг нь их санасан байна. Тэгээд одоо Азийн аваргадаа бэлтгэлээ хийгээд, бараг 10 гаруй хоног бэлтгэл хийлээ. Хамгийн сайнаараа бэлдсэн байх гэж бодож байна. Тэгээд сэтгэл догдлон хүлээж байна.
-Эмэгтэй багийн хувьд өргөтгөсөн бүрэлдэхүүнээс яг Азийн аваргад өрсөлдөх тоглогчдоо сонголоо. Бусадын тамирчдынхаа тухайд?
-Эмэгтэй багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан бүх баг тамирчидтайгаа өмнө нь би нэг багт, үгүй бол хамтарч тоглож байсан. Тийм болохоор ингээд ойлголцлын хувьд ямар ч тийм асуудал байгаагүй гэж хэлж болно. Тэгээд мэдээж Азийн аварга бол Ази тивийн хамгийн шилдэг улсуудын цуглардаг маш том цуглаан. Тийм болохоор ингээд тийм догдолтойгоор сэтгэл догдлон л хүлээж байна даа. Дасгалжуулагчаар Стив маань байгаа болохоор скаутын ажлуудыг зохион байгуулчихдаг. Тэгээд бид нарт ингээд танилцуулж байгаа.
-Эмэгтэй баг зоондоо чанга өрсөлдөг багуудтай таарчээ. Та бүхэн анализ, судалгаагаа хэрхэн хийж байгаа вэ?
-Манай эмэгтэй баг зоондоо Тайландын багтай. Нөгөө зооноос Тайванийн шигшээ баг гарах нь бараг ойлгомжтой байх. Тэгээд Тайландын шигшээ багийн хувьд бол энэ жил юу? Ер нь энэ жил өмнөх жилээс үсрэнгүй бас хөгжил гаргасан маш сайн багуудын нэг. Саяхан гэхэд л Францын шигшээ багийг хожсон. Тайванийн шигшээ баг ч гэсэн тус улсын эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжил ямар сайн билээ. Тэгэхээр бас мэдээж нэлээн хүчтэй багуудтай хамт нэг зоонд орсон байгаа. Тэгээд өөрсдийнхөө хэмжээнд судалгаагаа хийгээд л бэлдэж байгаа даа.
-3х3 төрлөөр хэдэн жил хичээллэж байна вэ?
-Миний хувьд одоо 3-ын эсрэг 3-ын сагсан бөмбөгөөр хичээллээд 2019 оноос хойш гэхээр чинь одоо бараг 6-7 жил болчихлоо. Тэгэхээр мэдээж бараг Азийн түвшиндээ гэлтгүй ер нь дэлхийн түвшиндээ д 3-ын эсрэг 3-ын тамирчдаа бүгдийг нь сайн таньдаг, мэддэг. Ингээд хоорондоо эсрэг өрсөлдөж байсан тийм хүмүүс байгаа.
-5х5, 3х3 хоёр төрөл бол хоорондоо ялгаа ихтэй. Иймээс тамирчнаас хүнээс шаарддаг ур чадвар, онцлогийн тухайд сонирхоё?
-5-ын эсрэг 5 сагсан бөмбөг, 3-ын эсрэг 3-ын эсрэг сагсан бөмбөг бол хоорондоо маш том ялгаатай байдаг. Тийм болохоор сая 5-ын эсрэг 5-ын улирлаас 3-ын эсрэг 3-ын ийм бэлтгэл рүү шилжихэд бага хэмжээний хугацаа шаардлаа гэж бодож байна. Илүү хагас талбайд илүү довтолгоо, хамгаалалт гээд л хурдан шилждэг болохоор ийм одоо фитнес левелийн хувьд ч гэсэндээ бас ингээд жоохон ялгаатай зүйл шаарддаг. Тэгээд бэлтгэлээ хийгээд ерөнхийдөө дасан зохицчихсон гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа.