
Засгийн газрын ээлжит хуралдааны дараа гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар мэдээлэл өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан: “Өнгөрсөн долоо хоногт Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтууд дээр ажиллалаа. Дүр зураг харилцан адилгүй байна.
Гашуунсухайт, Хангийн хувьд биржээс 100 хувь хамааралтай тул асуудал нь ижил. Хилийн наана, цаана нүүрсний овоолго үүссэн. Татан авалт хийхгүй байгаа учраас биржийн арилжаа явахгүй байгаа. Мөн нүүрсний үнэ унасан тул импортолж байгаа тал алдагдалд орж, худалдаа хийхгүй байна. Биднээс шалтгаалаагүй асуудал дийлэнх нь байгаа.
Харин бидний хувьд төмөр замуудыг нь яаралтай ашиглалтад оруулах, өртгийг бууруулах асуудлаар талуудтай уулзаж, шийдвэр гаргалаа.
Нүүрсээ арилжаалах зорилгоор Хятадын хоёр биржтэй гэрээ байгуулахаар ажиллаж байна.
Тодруулбал, төмөр замын өртгийг 50 хувиар буулгаж чадлаа. Б.Дэлгэрсайхан сайд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Гашуунсухайт боомтын хувьд мөн ижил. Цаад талдаа их хэмжээний овоолго үүссэн.
Шивээхүрэн боомтын дүр зураг арай өөр. Бидний тооцоолж байснаас амжилттай явагдаж байна. Шивээхүрэн-Сэхээ боомт дээр хил дамнасан бүтээн байгуулалт маш сайн хийгдсэн. Үүнийг мөн яаралтай ажилд оруулбал тээвэрлэлтээ 2-3 дахин нэмэгдүүлнэ. Одоо гарч байгаа 24-25 сая тонн нүүрс дор хаяж 50 сая болж ирнэ. Өөрөөр хэлбэл Гашуунсухайтаас дутахааргүй экспортын нөөц тэнд байна.
Шивээхүрэнг холбох асуудал Гашуунсухайттай харьцуулбал ялгаатай. Ердөө хоёр сарын дотор холбочихно. Тэгвэл 70 жилийн өмнө Замын-Үүдээр Эрээний боомт холбосноос хойш, анх удаа төмөр замаар хил холбосон бүтээн байгуулалт болно.
Ерөнхийдөө боомтуудын ажил ийм байна.
Валютын нөөцийг санхүүгийн зах зээл дээрх боломжуудыг ашиглаж, богино хугацаанд нэмэгдүүлэх боломж байна. Ийм чиглэлээр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж, хэд хэдэн шийдвэрт хүрлээ. Өмнө нь гаргасан Засгийн газрын бондуудын 700-800 сая ам.долларыг дотоодод эзэмшдэг. Үүнийг мөнгөжүүлье гэж шийдлээ. Хадгаламж даатгалын корпораци дээрх 230-аад сая, Төрийн банк дээрх 50-аад сая ам.долларыг мөнгөжүүлж, валютын нөөцөд авах шийдвэр гаргалаа.
Мөн Монголбанк алтан дээр зохицуулалт хийнэ. Хоёр долоо хоногийн дотор 300-аад сая ам.долларыг оруулж ирэх боломж байна. Ингээд 530-аад сая ам.доллараар валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломж бүрдлээ.
Үүнээс гадна түүхий эдийн экспорт хариуцаж байгаа “Эрдэнэт үйлдвэр”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Эрдэнэс критикал минералс” зэрэг компанийг 500 сая ам.долларын валютын нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн. Энэ дүнг тэрбум болгож өсгөлөө.
Төсвийн тухайд 2025 оны эхний улиралд Монгол улсын төсөв 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Тиймээс төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байгаа.
Экспорт ба валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын ажлын хэсэг бол мягмар гарагт үдээс өмнө хуралдана, үдээс хойш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдана. Засгийн газраас өмнө хуралдаж долоо хоног бүр ажлаа тайлагнаад явах юм.
Гуравдугаар сарын 17-нд ажлын хэсэг байгуулагдсанаас хойш бирж, гааль, боомтууд дээр үүрэг өгөн шахаж ажиллаж байгаа. Нүүрсний хувьд 1.9 сая тонн нүүрс нэмж гарсан. Энэ нь долоо хоногоор тасалж үзвэл, энэ жилийн эхнээс хамгийн өндөр. Зэс 57 мянган тонн гарсан гэдэг мөн өндөр. Жонш ч мөн адил. Шинэ журам батлагдсанаар өнгөрсөн долоо хоногт ЭТТ ХК-иас 1.2 сая тоннын захиалгыг бирж рүү өгсөн. Энэ долоо хоногт арилжаа бирж дээр явж эхэлнэ. Ер нь зогсчихоод байсан зэс, төмрийн хүдэр, жоншны арилжаа явж эхэлсэн байгаа.
Шивээхүрэн боомт дээр долоон компани экспорт хийж байна. 100 хувь ГХО-тай “Саусгоби Сэндс” компани ноднин 866 мянган тонн /эхний 3 сард/ гаргасан. Одоо 1.8 сая тонныг гаргачихсан байна. Тэгэхээр хувийн компаниудын менежмент өөр байна. Хилийн цаана овоолоод байдаггүй, гүн рүүгээ татдаг давуу талтай байх жишээтэй” хэмээв.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Гурван боомтоор нүүрсний экспортын тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Өдөртөө тоймлоод үзвэл 250-600 орчим машин хилээр гарч байна.
“Экспортыг нэмэгдүүлэх Засгийн газраас томилсон ажлын хэсгийн хүрээнд Зам тээврийн яамнаас тээвэрлэлтийг хэвийн явуулах, сайжруулах, энэ явцдаа тээвэрлэлтийн зардлыг аль болох багасгах, ачих үеийн зардлыг мөн хэмнэх боломж бололцооны талаар арга хэмжээ авахаар бүх боомтуудаар тойроод ирлээ. Энэ хугацаанд зам тээврийн яам Зүүнбаян-Цогтцэций талын төмөр замын тарифыг 50 хувиар бууруулсан. Өөрөөр хэлбэл суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан гэсэн үг.
Мөн Гашуунсуайт-Ганцмод хооронд хийгдэж байгаа төмөр замын тээврийн тарифыг 50 хувиар багасгаж байгаа. Түүнчлэн машины тээврийн зардал, тэнд ачигдаж байгаа нүүрс тээврийн зардлыг бууруулахад анхаарч ажиллаж байгаа бөгөөд хилийн боомтоор гарч байгаа хэсгийн зардлыг хэмнэх боломжийг эрэлхийлэхээр Зам тээврийн яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байна” гэв.
ШУУД ҮЗЭХ: