
Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулсан. Мөн Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Ховд, Архангайн өмнөд хэсгээр, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, Завханы нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл, 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр, 26-ны өдөр Хэнтий, Дорнод, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдахыг анхааруулж байна.
Иймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хол замд зорчих, малд явахдаа анхаарал болгоомжтой байж, утсаа цэнэгтэй байлгахыг онцгой байдлын газраас анхаарууллаа
Мөн зайлшгүй шаардлагагүй тохиолдолд орон нутаг руу тээвэрт гарахгүй байхыг зөвлөж байна.
Өчигдөр буюу /2025.03.24/ зарим аймгийн нутгаар байгалийн гамшигт үзэгдэл болж, хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багт дөрвөн ханатай гэр нурж, хүн дарагдсан осол нэлээдгүй гарээ. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багт байшингуудын дээвэр хуурсан байна. Үүнээс гадна хэд хэдэн аймаг, сумдад шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, явган болон машинтай зорчиход хүндрэлтэй байдал үүссэн аж. Иймд Онцгой байдлын ерөнхий газар, ЦУОШГ, АТҮТ-өөс өгч байгаа мэдээллийг тогтмол авч байхыг албаныхан зөвлөж байна.