
Туркт иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилсээр байна
Туркт иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан зургаа дахь өдрөө дарааллан өрнөж байгаатай холбогдуулан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган сөрөг хүчний намууд иргэдийг хүчирхийлэлд өдөөн хатгаж байна хэмээн буруушаажээ.
Өнгөрсөн лхагва гарагт Истанбул хотын дарга Экрем Имамоглуг авлигын хэргээр баривчилсаны дараагаар Истанбул, Анкара зэрэг томоохон хотуудад иргэд эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн даваа гарагийн орой Истанбул хотын захиргааны байрны гадаа мөн л олон мянган иргэн цуглажээ. Өнгөрсөг ням гарагт жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсэж, цагдаа нар нулимс асгаружлагч хий, даралттай ус шүршигч зэргийг ашигласан зэрэгтэй харьцуулахад даваа гарагийн жагсаал цуглаан нь харьцангуй тайван болж өнгөрсөн байна.
Туркийн засгийн газраас мэдээлсэнээр өнгөрсөн лхагва гарагаас хойш өрнөсөн иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр нийт 1133 хүнийг баривчилжээ. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч гэгддэг Экрем Имамоглуг Истанбул хотын даргын ажлаас нь түр хугацаагаар чөлөөлөөд байна. Түүнийг өнгөрсөн ням гарагт албан ёсоор шүүхийн шийдвэрээр авлигын хэргээр баривчилж, хориод байгаа билээ. Э.Имамоглугийн зүгээс өөрийгөө гэм буруугүй, түүнд тохож буй хэргүүд нь улс төрийн зорилготой хэмээн мэдэгдсэн юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр X нийгмийн сүлжээнд Э.Имамоглу түүнийг баривчилсан явдал нь Туркийн ардчилал дахь хар толбо болон үлдэнэ хэмээн, иргэдийг эсэргүүцлийн жагсаал цуглаанд нэгдэхийг уриалсан юм.
Бүгд Найрамдах Ардын намын тэргүүн Озгюр Озель иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан нь фашизмын эсрэг хөдөлгөөн хэмээн тодорхойлж, энэ мягмар гарагт Э. Имамоглутай уулзана гэдгээ мэдэгджээ. Тэрээр Бүгд Найрамдах Ардын нам нь Э.Имамоглуг суллаж, шүүх хурлыг нь төрийн өмчит TRT сувгаар шууд дамжуулахыг шаардана гэжээ. Өнгөрсөн даваа гарагт Бүгд Найрамдах Ардын нам албан ёсоор Э.Имамоглуг 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигчээр зарласан байна. Э.Имамоглуг баривчилсан нь түүний ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь саад болохгүй ч шүүхээс түүнийг буруутайг тогтоож, ял оноовол тэрээр сонгуульд нэр дэвших боломжгүй болох ажээ.