
“Бишрэлт Металл” баг Азийн аваргуудын лигийн эхний зочлон тоглолтоо маргааш хийнэ
“BCL Asia ” буюу Азийн Аваргуудын лиг 2025-ийн хэсгийн эхний тоглолтоо хийхээр МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын дэд аварга “Бишрэлт Металл” баг Малайз улсыг зориод буй.
“Бишрэлт Металл” баг тус лигийн хүрээнд зочлон тоглох анхны баг болж буйгаараа онцлогтой.
Тэмцээний “А” хэсэгт Индонезийн “Pelita Jaya”, Малайзийн “NS Matrix Deers” болон Тайванийн “Taoyuan Pauian Pilots” багуудтай хамт багтжээ. Хэсгийн эхний тоглолтоо Малайз улсын Куала Лампур хотноо “Maba” ордонд Малайзийн Дээд Лигийн аварга “NS Matrix Deers” багийн эсрэг хийнэ. Хоёр багийн тоглолт маргааш буюу мягмар гарагт 20:00 цагаас эхэлнэ. Тус тэмцээнд “Бишрэлт Металл” багаас гадна МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын аварга “Хасын Хүлэгүүд” баг оролцох юм.
“Хасын Хүлэгүүд” баг хэсгийн эхний тоглолтоо гуравдугаар сарын 30-нд Тайванийн нийслэл “Taipei” хотноо“New Taipei Kings” багийн эсрэг хийнэ.
Манай бүсэд Тайвань, Тайланд, Малайз, Сингапур, Индонез Улсын багууд өрсөлдөж бүсээс хоёр баг цааш шалгаран “BCL Asia” final-д өрсөлдөх аж. Манай улсын багууд гурван удаа зочлон тоглолт хийж, 2025 оны тавдугаар сарын 9-14-ний өдрүүдэд эх орондоо, “M Bank Arena”-д өрсөлдөгч багуудаа хүлээн авч тоглох хуваарьтай байгаа билээ.