
Тэрбээр 14 жил сахрын өвчнөө анхааралгүй явснаар харвалт өгч биеийн нэг тал нь мэдээгүй болсон байна. Гэсэн ч сэтгэлээ хатамжилж хөл дээрээ босох зорилго тавин хоёр жил тасралтгүй дасгал, хөдөлгөөн хийжээ. Түүний хоёр дахь амьдрал эхэлсэн төдийгүй энэ амьдрал илүү эрүүл, илүү гэгээлэг байна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа тэрбээр ярилаа.
-Ярилцах хүсэлтийг маань хүлээн авсан танд баярлалаа. Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?
–Намайг Ёндонгийн Алтангэрэл гэдэг. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод төрсөн. Улаанбаатар хотын хамгийн баруун захын цэг Шувуун фабрикт хүүхэд нас минь өнгөрсөн. Багшийн дээдийн кино драмын ангийг оюутан. Архангай аймгийн Хөгжимт Драмын театрт жүжигчин, найруулагч, драмын ангийн багшаар ажиллаж байлаа. Өнгөт инээд хамтлагийн жүжигчин, “Тв караоке” “Най Уухай” зэрэг нэвтрүүлгийн төслийн санаачлагч, хөтлөгч. Иймэрхүү л товчхон намтартай хүн дээ.
-Та бидэнд гэр бүлээ танилцуулаач. Гэргийтэйгээ ханилаад хэдэн жил болж байна. Өвөө гэж дуудуулаад эхэлсэн үү?
-Гэргийтэйгээ танилцаад 40 жил болж байна. Тэгш ой тохиогоод “мундаг” байгаа шүү дээ бид хоёр чинь. Гурван хүүхэд тэднээс төрсөн ач зээ нартайгаа нийлээд тэрүүхэндээ Алтангэрэлийнх гээд нэг жижигхэн вант улс байна шүү дээ.
-Яагаад ийм зүйл тохиолдчихов. Хэзээ харвасан юм бэ? Түүнээс хойш хоног өдрүүд хэрхэн өнгөрөв. Бие сэтгэлийн хувьд та юуг туулж энд ирэв?
-Одоогоос гурван жилийн өмнө харваж биеийн минь тэн хагас ямар ч мэдээгүй болсон. Би 2009 онд сахрын өвчтэй гэж оношлогдсон юм. 14 жил тэр өвчнийг тоохгүй явсан. Өвчнөө мэдэж байгаа хэр нь биед мэдэгдэх хүнд зовуурь. байхгүй учир хааяа нэг инсулин гэдсэндээ тарьчхаад л яваад байдаг. Гэтэл сахар өндөр байснаар хялгасан судаснуудыг нарийсгаж ажиллагаагүй болгоод байсныг, дотроос минь намайг чимээгүй идээд байсныг мэдэлгүй явсаар нэг л өдөр харвачихсан. Тоохгүй явсны л хар гай. Харваснаас хойших өдөр хоногууд бол асар хүнд ерөөсөө л шок. Би яагаад ингэчхэв,яачхав? Хөдөлгөөн бүр хүний хяналтад. Заримдаа амиа егүүтгэх бодол ч орж ирнэ. Ингэж амьд яваад ямар хэрэг байгаа юм гэж бодно. Өөрийгөө “хүн ургамал” болсноо мэдээд сэтгэл зүйн хувьд асар гүн ангал руу чөлөөт уналт хийдэг юм билээ. Өөрийгөө буцаагаад тэр гүн ангалаас татаж авах хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхийн тулд миний төлөө үсээ бууралттал үхэн хатан гүйж байгаа ханиа бодно. Ач зээ нарынхаа дурсамжид нь манай өвөө “Хазгар доголон, хэвтрийн ааш муутай өвгөн байсан” гэж дурсагдмааргүй байна. Хүүхдүүдээ элгэндээ хоёр гараараа тэвэрмээр байна. Тэгэхийн тулд босох хэрэгтэй гэж өөрийгөө хурцалсан. Түүнээс гадна өвдөөд хэвтэж байхдаа Ц.Баярдаваа гэж харвасан хэр нь буцаад хөл дээрээ боссон баримал шиг биетэй залуугийн баримтат киног үзсэн юм. Үзээд асгартал уйлсан. Энэ чинь ирээдүй байна шүү дээ. Хүн ийм болж болдог юм байна гэж биширч байгаа юм. Тэгээд Ц.Баярдаваатай уулзахаар хөлөө чирээд таягаа тулаад яваад очсон. Гэтэл миний үеийн хүн байсан. Шууд л “Гоё болно оо миний хөгшин. Гоё болох юм байна” гэж хэлж байгаа юм. Тийм үг сонсчихсон чинь нуруу тэнийгээд, цээж дүүрээд эхэлж байгаа юм. Үнэхээр болох юм байна гэж итгэж сэтгэл шулуудсан. Тэгээд л фитнест явж эхэлсэн дээ.
-Тэр үе хэзээ юм бэ? Та фитнесээр хичээллээд хэр удаж байна?
-Фитнесээр хичээллээд хоёр жил гаран болж байна. Энэ “Sky” фитнесийн төв бол миний хоёр дахь гэр болсон. Би чинь заримдаа өглөө ес, арван цагт ирээд л өдөр гурав, дөрвөн цаг хүртэл дасгалаа хийнэ. Миний өдөр тутмын амьдралын тэн хагас нь энд өнгөрч байгаа юм. Энэ танхимд өөрийгөө ялан дийлж байгаа эрүүл хүмүүсийн энергид би орчхож байгаа учир мөд гарахыг хүсэхгүй байна шүү дээ. Хөдлөөд байхаар булчин шөрмөс ядраад байгаа нь нэг ёсондоо баярлаад байгаа хэрэг. Чи намайг урьд нь ингэж ажиллуулж байгаагүй шүү дээ гээд нөгөөх нь тунирхаад байна шүү дээ. Бие организм ажиллаад баярлаад эхлэхээр тархи толгой хүртэл сэргэг сайхан болно. Хүний тархи эрүүлээр бодож эхэлж байгаа юм. Хөөх би одоо дараагийн 10 жилд яах билээ. Тэгэхэд миний хүүхэд хэдтэй болчихсон байх билээ. Ач зээ нар минь яах билээ гээд л ирээдүйг илүү гэгээлэг сайхнаар харж эхэлнэ.
-Өдрийн дүндээ ямар дасгал түлхүү хийж байна?
-Хүн бол аль болох саажсан хөл гараа хөдөлгөхгүй, ачаалал өгөхгүй хамгаалах рефлекстэй байдаг. Тиймээс энэ хөл гараа л илүү сайн хөдөлгөх ачааллуулах дасгалуудыг түлхүү хийж байна. Сууж босох дасгалыг би өдөрт жишээ нь 100 удаа хийдэг. Мөн том, бүдүүн булчингууд ажиллахаар сахар багасдаг. Энэ мэтчилэн өөрт ямар дасгал хэрэгтэй байна гэдгийг судалж хийж байна. Мөн багш маань маш сайн чиглүүлээд явдаг.
-Оны өмнө та “Олз тэргүүт өгүүллэгүүд” гэх өгүүллэгийн номоо хэвлүүлсэн байсан. Та бас уран зохиолын авьяастай хүн байж ээ?
–“Олз тэргүүт өгүүллэг” бол миний анхны ном. Олз гэдэг өгүүллэг нь миний анхны өгүүллэг 1992 онд бичсэн байдаг. Харвачхаад гэртээ хэвтэж байхад эхнэр урам өгөхгүй юу. “Чамд бичсэн юмнууд зөндөө байгаа шүү дээ. Миний хань наадхыгаа нэг “боовол” яадаг юм” гэж хэлсэн. Нээрээ тийм ч юм уу гэж бодсон ч яг номын хэмжээнд гэхээр арай л дутаад байдаг. Номынхоо тал өгүүллэгийн харвасныхаа дараа бичсэн. Тэгээд яах вэ шилж сонгоод 14 өгүүллэгээ нэгтгээд жижигхэн ном болгосон. Уран зохиолын авьяас гэхээсээ илүү их л уншдаг хүүхэд байсан. Ээж минь Шувуун фабрикийн хамгийн олон номтой хүн байсан байх. Дүүрэн номтой ханын тавиураас номыг нь хулгайлж уншина.Тэр ном тавиурын баруун талаасаа дөрөвт байсан бол уншчхаад яг тэнд сэмээрхэн буцаагаад хийнэ. Ном үнэхээр шимтэж уншдаг хүүхэд байсан.
-Ер багадаа ямар зан чанартай хүүхэд байв? Яагаад яг жүжигчин гэх мэргэжлийн сонгов?
-Гэртээ ганцаараа гоё кино үзнэ. Түүнийгээ дуурайна. Өөрөө дотроо бол тэр кино жүжигчин шиг л “алаад” байгаа шүү дээ. Нэг тийм л романтик хүүхэд байсан юм. Тэгээд л 10 жилээ төгсөхдөө жүжигчин болно гээд шийдчихсэн. Ес, аравдугаар ангидаа Био комбинатад байсан юм. Тэгэхдээ хот руу ирээд Багшийн дээд сургуульд Кино драмын анги байдаг гээд судалчихсан. Хот сайн мэдэхгүй тэгсэн хэр нь хот руу орж ирж Кино драмын ангийнхныг хөөж,хайж олж уулзаад одоо энэ нэвтрүүлэгч Д.Цовоогийн ангийнхан. Хойно сонсоход тэдний ангийнхан намайг “энэ нэг өнчин хүүхэд” гэж ярьдаг байсан гэж байгаа юм. Учир нь ганцаараа л ахаа ахаа эгчээ би яах уу гээд гүйгээд байдаг байж л дээ. Бас миний нүд хөмсөг нэг муу өнчин байрын хүн шиг харагдсан юм шиг байгаа юм. 1985 онд 10 жилээ төгсөөд жүжигчний ангид шалгалт өгөхөд хотоос О.Энхтуул, И.Одончимэг, дуучин Т.Ариунаа, Х.Оюунбилэг зэрэг их олон хүүхдүүд шалгалт өгч байсан. Тэгж л Кино драмын ангидаа орсон доо.
-Та хэчнээн кинонд дүр бүтээсэн бэ?
–Яг ийм асуулт ирэхээр айгаад байдаг юм. Би тийм олон кинонд тоглоогүй. Яагаад вэ гэхээр өөрийгөө би олигтой жүжигчин гэж боддоггүй байхгүй юу. Голдог юм.”За чи ч яг жүжигчнийхээ тал дээр бол нэг их гавьтай ч нөхөр биш дээ” гэж өөртөө хэлдэг. Сайхан жүжигчид Монголоор дүүрэн байна шүү дээ. Жишээ нь Г.Золбоот ч юм уу, Уухааны Батбаатар ч юм уу нэг бол С.Болд-Эрдэнэ ч юм уу сайхан жүжигчид. Жинхэнэ дүрийнхээ амьдралаар амьдарч чаддаг. Ц.Цэгмид гуайн хүүхдүүд Ц.Төмөрхуяг, Ц.Төмөрбаатар ямар гоё жүжигчид билээ. Би одоо хажууд нь “Хэн бэ? юу вэ? хэдийн тоо вэ?” гэсээр амьтан.
-Зарим хүн өвчдсөнийхөө дараа ганцаараа гэдгээ мэдэрлээ гэж ярьдаг. Харин зарим нь эсэргээрээ хань болох олон нөхөдтэй гэдгээ мэдэрч сэтгэлийн тэнхээ авлаа ч гэж ярьдаг. Таны хувьд аль нь байв?
–Хүнийг хөл дээр нь босгох хамгийн их урам зориг, тэнхэл тэнхээг өгдөг юм бол бас найзууд байдаг. Нөхдүүд. Тэд нар чинь таяггүй байхад таяг болж байгаа юм. Булчин нь суларсан хүний булчин болдог байхгүй юу найз нөхдүүд чинь. Тэр олон найз нөхдийнхөө сэтгэл, дэмжлэгийг авахаар би өөрөө эрүүл саруулдаа хүний сайн нөхөр байж чадсан уу гээд эргээд эрхгүй боддог юм билээ.
-Ирж яваа цаг сайхан байна гэж та ярилаа. Ирэх амьдралаа ямар байна гэж харж байна?
–Ирэх амьдрал бол зөвхөн надаас өөрөөс л шалтгаална. Би өөрөө хэчнээн сайхныг хүснэ, төчнөөн сайхан бий болох. Тэгэхийн тулд би өөрөө маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэрэндээ тууштай байх хэрэгтэй юм байна, өшөө сайн хөдлөөд байх хэрэгтэй юм байна. Дэмий суваг эргүүлээд, утас ухаад суух чинь улам л хүзүү толгой хөшөөгөөд бодох зүйлийг улам явцуу болгож байдаг. Бодол явцуу байх тусам хүн өөрийгөө хэмлэж эхэлдэг байхгүй юу. Харин бодол санаа хэр уужуу байна төдий чинээ дараа дараагийн алхмуудаа улам их бодож эхэлнэ. Тархинд салхи орж эхэлж байгаа юм. Өнөө муу бодлыг чинь эргүүлж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Иймэрхүү л юм бодож сууна. Ирэх амьдралыг илүү сайхнаар бүтээнэ. Өнгөрсөндөө харамсах биш өнгөрснөөсөө илүү ухаалаг, эрүүл амьдралыг бүтээнэ гэж зорьж байна.
-Өөрийн сэтгэлээ дэлгэн ийм сайхан урам зориг түгээх ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ирэх амьдралд сайн сайхан бүхний хүсье.
–Цаг зав гаргаад энэ бөглөө, замын түгжээ, стресс дунд хүрч ирээд байгальд суулгаад, ирж яваа урин цагийн гоё уур амьсгал дунд, ирж яваа урин цагийн хүний амьдралын тухай бодол санааг маань уудлуулсанд их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
Eruul enkhiig khusen erooe
Сайн жүжигчин. Өвчин зоргоороо эдгэхгүй ч үргэлж дайчин байгаарай.