
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчид тайзнаа шинээр тавьж буй “Самсара- Тэртээх хоёр зүрх” драмын жүжигтээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын “Голын тохой дээр” шүлгийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй ашиглаж, олны эгдүүцлийг хүргээд амжив.
Бид хоёр талын байр суурийг тэнцвэртэй хүргэхээр “Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Алтаншагай, яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсны хүү Цагаан-Уултай уулзлаа.
Сэтгүүлч: -“Мөрөөдлийн театр” яагаад ийм алдаа гаргачхав?
Г.Алтаншагай: -Бид Арлааны Эрдэнэ-Очир агсны хүү Цагаан-Уултай уулзаж, зөвшилцөөд жүжгийн дуулалтын хэсгээ цуг сууж байгаад янзалсан. Тэгээд дуу маань бичлэгт орсон.
Сэтгүүлч: -Эхлээд та бүхнээс зөвшөөрөл авсан гэдэг нь үнэн юм уу?
Э.Цагаан-Уул: –“Самсара- Тэртээх хоёр зүрх” жүжиг гуравдугаар сарын 5-нд тавигдсан юм билээ. Миний хувьд хөдөө орон нутагт томилолттой явж байгаад гуравдугаар сарын 10-нд сүлжээтэй газар ирээд утсаа нээгээд л “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Л.Сөрөлт нар цахим хуудсаараа дамжуулж хийсэн лайвуудаас аавын уран бүтээлээр дуу хийснийг нь мэдсэн юм. Тэгээд тэр орой нь дуу нь цацагдчихсан.
Жүжгийн хэсэгт ашигласан гэдгийг нь бол бүр сүүлд мэдсэн.
Сэтгүүлч: -Тэгэхээр эхлээд уулзаагүй, жүжигт тоглож эхэлснээс хойш та лайв дээрээс мэдээллийг нь олж хараад, аавын тан уран бүтээлийг ашигласныг мэдсэн гэсэн үг үү?
Э.Цагаан-Уул: -Тийм. Лайваас мэдээллийг нь аваад, маргааш орой нь буюу гуравдугаар сарын 11-нд “Мөрөөдлийн театр”-ынхантай уулзаж зөвшилцсөн.
Сэтгүүлч: –Зөвшилцсөн гэдэг нь?
Э.Цагаан-Уул: -Бид “Арлааны Эрдэнэ-Очир сан”-гийнхантай уулзаж зөвшилцлөө. Алдаатай бүтээл гаргасан байна. Тиймээс бид ийм залруулга хийж байна аа гээд тухайн бүтээлийг бага зэргийн засвар орсон эх хувилбараар нь дуу болговол болго оо гэж гэж хэлсэн юм. Тэгээд хамт сууж байгаад бага зэргийн засвар хийсэн.
Сэтгүүлч: -Тэгээд эхний хувилбараа устгаад, бага зэргийн засвар хийсэн эх хувилбарыг дуу болгож цацсан юм уу, “Мөрөөдлийн театр”-ынхан?
Э.Цагаан-Уул:-Тэгж уулзсанаас хойш хоёр хоног өнгөрсөн ч эхний хувилбараа устгаад, шинэ хувилбараар уран бүтээл хийгээгүй учир “Арлааны Эрдэнэ-Очир сан”-гийн удирдах зөвлөлийн гишүүд уран бүтээлд хүндэтгэлгүй хандахгүй байна гэж үзээд, бүтээлээ ашиглуулахаас бүр мөсөн татгалзсан.
Сэтгүүлч: -Өнгөрсөн хугацаанд гэрээ байгуулж, зохиогчийн эрхийг нь мөнгө төлж худалдаж авах процесс өрнөсөн үү?
Э.Цагаан-Уул:-Үгүй, үгүй. Бид мөнгө төгрөгийн асуудал огт яриагүй.
Сэтгүүлч: -Уран бүтээл зөвшөөрөлгүй ашигласан гэдгээр нь хуулийн хариуцлагын асуудал яригдсан уу?
Э.Цагаан-Уул: -Бид харилцан тохиролцсон.
Сэтгүүлч: -Харилцан тохиролцсон гэдэг нь хийсэн уран бүтээлээ устгах юм бол бид хуулийн байгууллагад хандахгүй ээ гэдэг байдлаар уу?
Э.Цагаан-Уул:-Тийм.
-Сэтгүүлч: -“Мөрөөдлийн театр” хэрвээ уран бүтээл хийхээсээ өмнө аавын тан энэ уран бүтээлийг ингэж ашиглаж болох уу гээд албан ёсоор хандсан бол зөвшөөрөх байсан уу?
Э.Цагаан-Уул:-Зөвшөөрөөд, тухайн бүтээл дээр хамтарч ажиллах байсан байх. Тэр бол хүн бүхэнд л нээлттэй шүү дээ. Бүтээлийг нь аваад ашиглая гэвэл нээлттэй. Эхлээд “Арлааны Эрдэнэ-Очир сан”-д эхлээд хандаарай. Өнгөрсөн жил “C#ART” гээд амьд хөгжмийн хамтлагт “Тунгалаг гунигийн улирал” шүлгээр дуу бүтээсэн. Одоо Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин М.Отгонжаргал “Чамайгаа яаж хайрлах вэ” гээд шүлгээр нь дуу бүтээж байгаа.
Сэтгүүлч: -Арлааны Эрдэнэ-Очир сангаас уран бүтээлийг нь зөвшөөрөлгүй ашигласан, хүндэтгэлгүй хандсандаа уучлал хүссэн үү?
Э.Цагаан-Уул: -Хүсэлгүй яах вэ зөндөө хүссэн. Албан бичгээр ч хүссэн. Лайваар ч дамжуулж ярьсан.
Дараагийн удаа бид зохиол ашиглахаар бол заавал түрүүлж уулзаад гэрээ хийх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлголоо.
Уг нь бол зохиогчийн эрхийн зөвшөөрөл авах их амархан. Зохиогчийн эрх эзэмшигч этгээдтэй харилцан хэлэлцэж, гэрээ байгуулаад л болох авчиг Монголд энэ соёл хараахан төлөвшөөгүй байна. Өрөг.мн сайт нийт уран бүтээлчдэд зохиогчийн эрх, оюуны өмчид хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.