
Монголын боксын холбооноос залуучуудын 2025 оны УАШТ-ийг энэ сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тэмцээний медалийн төлөөх тулаанууд гурван өдөр спортын төв ордны “А” зааланд үргэлжилж өнөөдөр нэгдсэн дүнгээ гаргалаа.
Энэ удаагийн улсын аварга цолны төлөө 38 байгууллага, клубийн 340 гаруй ширэн бээлийтэн тулалдаж өрсөлдлөө.
Ази тивийн хошой аварга, Монгол улсын боксын спортын Ууган Гавьяат тамирчин, Ардын багш Х.Алтанхуягийн нэрэмжит тэмцээнд дараагийн залгамж халаа буюу “Брисбэн-2032” зуны олимпын XXXV дугаар наадамд өррсөлдөх ирээдүйн шилдэг залуу тамирчид өрсөлдөж буйг зохион байгуулагчид онцолж байв.

Ази тивийн хошой аварга, Ардын багш, МУГТ Х.Алтанхуяг: Олон улсын тэмцээнд залуу тамирчдыг түлхүү оролцуулвал ур чадвар нь ахихад гол түлхэц болдог
Тамирчдын ур чадвар дэлхийн хэмжээнд хүрэх тийм ч сайн биш байна. Яагаад гэвэл залуу тамирчид учраас тэгэж байгаа болов уу. Хамгийн гол нь үүнээс гадна манайд дотоодын чансаатай тэмцээний тоо цөөн байх шиг байна. Тиймээс тэмцээний тоо олон байвал тамирчдын тоглолтын арга барил нь сайжирдаг. Мөн түүнийгээ дагаад гадаадын олон улсын тэмцээнүүдэд олон оролцуулвал ур чадвар нь ахина. Хамгийн гол нь манайд мөнгө төсвийн асуудлаас болоод гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх, тэр бүр өрсөлдөх тоо нь цөөн байгаа байхаа.


Өмнөговь аймгийн боксын тамирчин Б.Сувд-Эрдэнэ: Боксын спортоор хичээллэвэл айдсаа даран, даван туулах ёстой
Намайг Баянмөнхийн Сувд-Эрдэнэ гэдэг. Улсын аваргад 52кг-д тулалдаад сая хүрэл медалийн болзол хангалаа. Улсын аваргад хоёр дахь удаагаа оролцож байгаа. Өмнөх жилд нэг оролцоод, одоо 2 дахь удаагаа оролцож байгаа. Манай дасгалжуулагч нарыг Баасандорж, Зоригтбаатар гээд 2 багш маань байгаа. 2023 онд хичээллээд одоо 2025 он гэхээр бараг 3 жил боксын спортоор хичээллэж байна. Боксоор хичээллэх нь миний мэргэжилтэй хамааралтай. Би цэрэг, цагдаагийн хүн болохоор мэргэжил, ажилтай ойролцоо юм болов уу гэж бодоод тэгээд хичээллэсэн байгаа.
Боксын рингэн дээр гараад ер нь гараа өргүүлэх тэр мэдрэмж хамгийн гоё доо. Тэгээд тэвчээр суудаг, ер нь тийм тэвчээртэй болгож сургадаг. Ер нь зүрх томтой байхад л болно доо. Одоо айдсаа дарах, даван туулах л юм даа.


Ерөнхий шүүгч Б.Болдбаатар: Олон зэрэглэлтэй 12 шүүгч тэмцээнийг шүүн дэнсэлж байна
Залуучуудын улсын аваргаар Олон улсын зэрэглэлтэй манай 12 шүүгч шүүж байгаа. Олон улсын зэрэглэлтэй, нэг одтой 12 шүүгч байна. Нийт 21 шүүгчийн бүрэлдэхүүнтэй бид нар одоо энэ тэмцээнээ шүүн дэнслээд явуулж байна. Мэдээж энэ тамирчдын ур чадвар сайжирсан байна. Тэгэхдээ одоо энэ тамирчид маань дараагийн 2032 оны олимпод л амжилт үзүүлэх боломж бүхий залуучууд эндээс тодрон гарна гэсэн үг.


Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээний медалийн эзэд эрэгтэй 12, эмэгтэй 11 жинд тодорлоо.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд:
Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл боксын спортыг 2028 оны Лос Анжелесийн олимпын наадамд оруулахыг зөвшөөрсөн юм.
Анх 2022 онд батлагдсан олимпын хөтөлбөрт бокс багтаагүй байсан ч өнгөрсөн сард “Дэлхийн бокс” байгууллага олон улсын спортын удирдах байгууллагаар түр хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн нь нөхцөл байдлыг өөрчилсөн байна. Энэхүү зөвлөмжийг энэ долоо хоногт Грект болох ОУОХ-ны хуралдаанаар батлах шаардлагатай ч тус ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах эцсийн шийдвэр эерэг гарах нь тодорхой гэж үзэж байна.
“Дэлхийн бокс”-ыг 2-р сард түр хугацаанд хүлээн зөвшөөрсний дараа бид энэ шийдвэрийг гаргах нөхцөл бүрдсэн. Хуралдаанаар хэлэлцэх ёстой ч энэ нь батлагдана гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр дэлхийн боксчид Лос Анжелесийн олимпод оролцох боломжтой болно” хэмээн Томас Бах мэдэгджээ.
Нэг хөгшин халзан толгойтой куба ирсэн харагдах юм сарын 8000$ цалинтай гэх юм Монгол багш нартаа 1 сая төгрөг өгч чадахгүй байж арай !!!! Саяхан бас нэг куба ирчээд явсан Монгол багш нар яачаад бга