
Асашёорюү Д.Дагвадорж сагсан бөмбөгийн “Танан Гарьд” багийг сэргээхэд бүх зүйл дээр хамтран ажиллъя. Нээлттэй хэмээн уриалав
Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2013, 2019, 2020 оны аварга 14 жилийн түүхтэй “Алдар” спорт хорооны “Танан Гарьд” баг цоо шинэ өнгө төрхтэйгөөр “BCH Knights” нэрийн дор үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлыг эхлүүлсэн.
Өчигдөрхөн тэд үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дунд ширүүхэн өрсөлдөөнүүдийг “Сэлэнгэ Бодонс”-ын эсрэг үзүүлсээр “play off”-ын шатны сүүлийн цувралын сүүлийн тоглолтоо хийж, лигийн энэ улирлаа өндөрлүүлсэн билээ. Гэсэн хэдий ч тус баг нь үзэгч, хөгжөөн дэмжигч, спортын фанатуудын хайр хүндэтгэлийг хэдийнээ хүлээсэн гол багуудын нэг яах аргагүй мөн юм.
Багийн ахлагч, лигийн хоёр удаагийн аварга О.Эрдэнэцогтыг ордон дүүрэн үзэгчид “MVP” гэж уухайлан дуудаж, түүнийг “Ард түмний хүлээн зөвшөөрсөн үнэ цэнтэй тоглогч” гэдгийг дахин баталлаа.
Энэ үйл явдлын дараа Сүмо бөхийн 68 дахь удаагийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудаснаа “Гарьдыг сэргээцгээе! 1980 оны бидний нэгэн үе энэ багийг үүсгэн байгуулж байсан. Бүх зүйл дээр нээлттэй. Ийм супер фанатууд байхад өөр ямар баталгаа хэрэгтэй. Сав нь байна. Сэтгэл нь байна. Фанат нь байна. Хамтарч ажиллацгаая. Танан Гарьд нэртэйгээр” хэмээн нийтэлж, олны анхаарлыг татаад байна.
Д.Дагвадорж аварга нь “Гарьд” багийг анх үүсгэн байгуулж, 2023-2024 оны улирал хүртэл багийг удирдаж байсан Б.Буяннэмэхтэй ойрын найзууд ажээ.
